Жак Ма бизнесээ өргөжүүлсээр

2015 оны 11 сарын 26

 

Хятадын онлайн худалдааны гигант Алибаба группын эзэн Жак Ма бизнесийн бас нэгэн яриа хэлцлийг эхлүүлсэн байна. Тэрбээр англи хэл дээр хэвлэгддэг South China Morning Post /Өмнөд Хятадын шуудан/ сонины хувьцааны зарим хэсгийг худалдан авахаар ярилцаж байгаа юм.

 

South China Morning Post сонины эзэмшигч нь Куокийн гэр бүл боловч өнгөрсөн жилээс хувьцааных нь дийлэнхийг SCMP групп эзэмшиж байгаа юм.

 

Хэрвээ хэлцэл амжилттай болбол энэ нь Алибаба группийн хэвлэлийн салбарт хийх хоёр дахь хөрөнгө оруулалт болох юм. Өнгөрсөн зургадугаар сард Алибаба YouTube-ийн хятад хувилбар болох Youku Tudou болон санхүүгийн мэдээллийн Yicai вэб сайтуудад 1.2 тэрбум юанийн /187.8 сая ам.доллар/ хөрөнгө оруулсан.

 

Жак Магийн үүсгэн байгуулсан онлайн худалдааны сүлжээ энэ оны арваннэгдүгээр сарын 11-нд 14.3 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь урьд хожид үзэгдээгүй дүн юм. Энэ өдрийг Алибаба зургаан жилийн өмнөөс Cyber Monday буюу худалдан авагчийн баярын өдөр хэмээн зарлан тэмдэглэж байгаа юм.

 

Нью Йоркийн Хөрөнгийн биржийн үнэлгээгээр 200 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа Алибаба групп зөвхөн онлайн худалдааны компани байхаа больж, интернэтэд суурилсан өөр бизнес руу орох төлөвлөгөөтэй байгаа нь харагдаж байна. Ма-гийн халаасанд машин дуудлагын Didi Kuaidi, хөлбөмбөгийн Guangzhou Evergrande баг, мөн санхүүгийн программ үйлдвэрлэгч Hundsun Technologies компаниуд одоо байгаа.

 

South China Morning Post нь 1903 онд Хонкогт үүсгэн байгуулсан, англи хэл дээр хэвлэгддэг сонин юм.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна