Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжинэ

2015 оны 11 сарын 26

Дотоодын банкуудтай хамтран ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжинэ

Хятадын Банк нь 2012 онд Монгол Улсын зах зээлд орж ирсэн цагаас эхлэн олон улсын зах зээлд олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг давуу талаа ашиглан, Монгол Улсын дотоодын арилжааны банкуудтай нягт хамтран ажиллаж, Монгол улсын эдийн засгийн хөгжлийг дэмжин ажилласаар ирсэн билээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд, Хятадын банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын идэвхтэй үйл ажиллагааны үндсэн дээр Монгол Улсын дотоодын банкууд Хятадын Банкны далайн чанад дахь салбар банкуудтай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлсээр байна. Жишээлбэл, Банк оф Чайна Хонгконг Лимитед нь Монголбанк болон Худалдаа Хөгжлийн Банкинд Юань/Долларын бэлэн мөнгө зузаатгалын үйлчилгээ, мөн Худалдаа Хөгжлийн Банкинд 350 сая юанийн свопын үйлчилгээг тус тус үзүүлсэн бол Банк оф Чайна Макао салбар Монголын “Голомт” банктай Худалдааны санхүүжилтийн гэрээг байгуулаад байна. Түүнчлэн, Худалдаа Хөгжлийн Банк, “Хаан”, “Голомт”, “Хас”, “Чингис хаан” болон Төрийн банкууд Хятадын банкны Эрээн хотын салбарт корреспондент банкны данс нээлгэсэн. 2015 оны аравдугаар сард зохион байгуулагдсан анхдугаар удаагийн “Монгол-Хятадын экспо”-гийн үеэр Хятадын банк нь Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк, “Хаан” банк болон “Голомт” банктай “Төгрөгийн бэлэн мөнгөний тээвэрлэлтийн үйлчилгээ”-ний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Хятад-Монгол хоёр улсын банк санхүүгийн хамтын ажиллагааг нэг шинэ алхмаар урагшлуулсан юм. Цаашид Монголын дотоодын банкуудтай нягт хамтран ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг идэвхтэйгээр дэмжин ажиллах болно.

Энэ хугацаанд Монгол Улсын дотоодын банкуудын дэмжлэг туслалцаатайгаар Хятадын Банкны дотоод гадаадын салбар нэгжүүд болох Токио, Люксембург, Йоханнесбург зэрэг салбартай хамтран Монгол улсад хэрэгжиж буй дөрвөн төсөлд санхүүжилт олгоод байгаа бөгөөд зээлийн хэмжээ 50 сая гаруй ам.доллар болсон байна. Эдгээр зээлд Монголын барилга, орон сууц, барилгын материал, уул уурхай зэрэг салбарууд багтаж байгаа юм. Мөн түүнчлэн Хятадын банк нь “Хурд групп”, “Гангар Инвест ХХК” зэрэг компанитай орон сууц болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд дээр хамтран ажиллаж байгаа ба одоогийн байдлаар зээлийн зөвшөөрлийн шатандаа явж байна.

Дээр дурьдсан ажлууд дээр Монгол улсын банкны баталгаа, зээлийн барьцаа, дансны хяналт гэх зэрэг асуудлаар Монгол Улсын Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк, “Голомт”, “Хаан”, “Хас” банкууд манай банкны дотоод болон гадаад дахь салбаруудтай нягт хамтран ажиллаж, олон талын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна.

Энэ оны долдугаар сарын 9-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Оросын Уфа хотод Хятад, Орос, Монгол гурван орны төрийн тэргүүн нарын хоёр дахь уулзалтыг зохион байгуулж, "Хятад, Орос, Монголын хөгжлийн гурван талын хамтын ажиллагааны дунд урт хугацааны замын зураг"-ийг баталсан билээ.  2015 оны арваннэгдүгээр сарын 9-нөөс 11-ний өдрийн хооронд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д албан ёсны төрийн айлчлалыг амжилттай хийсэн ба Хятадын Торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалт, ОХУ-ын Европ Азийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, Монголын "Талын зам" санаачилгыг уялдуулж, Хятад, Орос, Монголын эдийн засгийн корридор байгуулах бат бөх үндэс суурийг тавих хэрэгтэй гэж үзсэн. Хятад Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр урагшлуулах үүднээс Хятадын банк нь төмөр зам, авто зам, тээвэр зууч, эрчим хүч зэрэг Монгол Улсын томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд дээр үргэлжлүүлэн анхаарлаа хандуулсаар байх болно. Одоогийн байдлаар Хятадын банк нь бүхий л төрлийн нийт 30 гаруй төсөлтэй танилцсан бөгөөд нийт зээлийн хүсэлтийн хэмжээ дөрвөн тэрбум ам.доллар хол даваад байна.

Хятадын банк нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжихээс гадна нийгмийн хариуцлагаа идэвхтэйгээр хэрэгжүүлж, нийтийн төлөө арга хэмжээнд оролцсоор байна. Хятадын банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар нь Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдтэй хамтран “Монгол-Хятадын хэл, соёл, боловсролын сан” болон “Монгол-Хятадын нийгмийн хөгжлийн сан”-гуудыг байгуулсан. Одоогийн байдлаар бүхий л төрлийн хандиваар нийт гурван сая гаруй юанийг цуглуулаад байгаа ба 30 гаруй удаагийн хандивын арга хэмжээг зохион байгуулж, 2.5 сая гаруй юанийг хандивласан байна. Үүний дотор Монгол Улсын их дээд, дунд бага сургуулиудын оюутан, сурагчдад тэтгэлэг тэтгэмж олгосон ба 2014 оны өвөл зохион байгуулагдсан “Дулаан өвөл” арга хэмжээнд Монгол улсын бага ангийн  3200 гаруй сурагч хамрагдаж, Хятад Монгол хоёр орны нийгмийн бүхий л давхаргын анхаарлыг татсан үйл явдал болсон.

Хятадын банк нь олон улсад олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг Хятад улсын арилжааны банкны хувьд цаашид Монгол улсын банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна