Сэтгэл гаргаад ч байгаа юм шиг

2015 оны 11 сарын 26

Улаанбаатарын гудамжаар бээвийж, бээцийсэн хүмүүс зөрөлдөнө. Арваннэгдүгээр сарын дундаас эрс хүйтэрсэн Улаанбаатарт цас малгайлан орохгүй ч шөнөдөө хялмаа хаяж хонож байгаа учраас гудам, зам толийсон мөс шиг болсон учраас хүмүүс хальтирч унахгүй тулд ийнхүү бээцийж, хөлийн булчин шөрмөсөө чангаруулан алхаж байгаа юм.

Уг нь нийслэлийн зам талбайг өвөлдөө хасах 30 хэм хүрдэгийг бодолцон хийсэн бол хүмүүс ингэж, хамаг нервээ хөлөндөө төвлөрүүлж, булчин шөрмөсөө чангаруулан алхахгүй л дээ. Улаанбаатар хот маань жилээс жилд өнгө засч, орчин үеийн цэвэрхэн, тохилог хот болсоор л байгаа. Даанч ихэнх тохижилтын ажлыг зун хийдгээс ч тэр үү, аль эсвэл хөрөнгө мөнгөгүйгээс болдог уу зам, өвөлдөө толийсон мөс болоод хөлдчихдөг хавтангаар гудамж, замаа хулдах юм. Ажил хийж, сэтгэл гаргаагүй гэж хэлж болдоггүй ч, бас сэтгэл гаргасан ч гэж хэлж болохгүй юм. Уг нь үнэхээр иргэдийнхээ тав тухыг боддог бол өвлийн улиралд хүн нуруу цэгц, тайван алхах гудамж, талбайг бэлдмээр санагдах юм.

Гудамж, талбайгаас гадна байгууллагууд, шинэ орон сууцуудын шат, довжоо гэж бас асуудал байна. Нийслэлийн захиргаанаас байгууллагынхаа орох хаалганы шат довжоон дээр хүн хальтирч унан бэртсэн бол тухайн байгууллага хохирлыг нь төлөх ёстой гэсэн журам гаргасан гэсэн. Бас л улаанбаатарчууд биднийгээ бодсон шийдвэр. Гэхдээ илүү сэтгэл гаргасан бол байгууллагууд шат, довжоогоо өвөлдөө хөлддөг хавтангаар хийхийг хориглох ёстой байсан юм.

А.ШАРАВ

  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна