Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж WSB технологийг танилцууллаа

2015 оны 11 сарын 26

Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт, техник технологийг Монголын зах зээлд нэвтрүүлэн ажиллаж буй УЛЬТРАСОНИК компани “Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж, дэвшилтэт технологи, түүний хэрэглээ” сэдэвт сургалт, семинарыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Стандарчилал Хэмжил Зүйн Газар,  ХБНГУ-ын Бергманн групптэй хамтран зохион байгууллаа. Энэ семинараар сүүлийн үеийн бага оврын WSB технологийн цэвэрлэх байгууламжийг танилцуулсан юм. Улаанбаатар хотын агаарын бохирдол жил ирэх бүр нэмэгдэж байгаатай зэрэгцэн хөрсний бохирдол ч мөн тулгамдсан асуудал болоод байна. Газрын хөрс нь ус агаар, ургамлаас илүү удаан хугацаагаар бохирдуулагч элементүүдийг өөртөө шингээн хадгалдаг. Өөрөөр хэлбэл жил ирэх тусам улам нягтаршин баяждаг гэсэн үг. Иймд УЛЬТРАСОНИК компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөрсний бохирдолыг бууруулахын тулд дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, тэр дундаа баруун европт ашиглагдаж байгаа дэвшилтэт технологи бүхий цэвэрлэх байгууламжийг Монгол оронд нутагшуулах, суурилуулалт, ашиглалтын цогц үйлчилгээ үзүүлэх боломж байгааг семинарын үеэр онцолсон юм.

Бергманн группын техник хөгжүүлэлтийн захирал, Доктор Женс Илян:

Усны менежементийн төслийн хүрээнд Дархан Уул аймгийн Орхон сумын хүүхдийн цэцэрлэгт суурилуулсан ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн талаар товч танилцууллаа. Энэ төслийн хүрээнд ХБНГУ-ын Фраунофер институт болон Бергманн групп хамтран тухайн цэцэрлэгийн цэвэрлэх байгууламжийн технологийг хэрэгжүүлсэн. Энэхүү цэвэрлэх байгууламж нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, өвөлдөө хөлдөж, зундаа хатаж болдог бактери, био филмүүдийг гаргаж авсан юм. Патоген буюу өвчин үүсгэгч нянгуудыг микробиологийн аргаар устгадаг. Лагийг соруулах давтамж, хугацаа маш урт бөгөөд засвар үйлчилгээ шаардлагагүй байдаг Мөн Монгол оронд нутагшуулахад тохирсон, байгаль орчинд хоргүй, стандартын шаардлага хангасан. өртөг багатай, сервис үйлчилгээ шаарддаггүйгээрээ давуу талтай юм. Энэхүү технологийг Монголд нэвтрүүлж байгаадаа бид бүхэн баяртай байна.

“Frounhofer” институтын усны хэлтсийн дарга, Доктор Ш.Бүрэн:

Усны нөөцийн нэгдсэн менежментийн чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийн нэг МоМо  төсөл нь ХБНГУ-ын Боловсрол, судалгаа шинжилгээний яамны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл юм. 2006 оноос хойш хэрэгжиж эхэлсэн энэхүү төслийн хүрээнд Хараа голын сав дагуу судалгааны ажлыг явуулсан. Харин 2012-2013 онд хэрэгжүүлсан МоМо - 2 төслийн хүрээнд жижиг оврын цэвэрлэх байгууламжийг Орхон сумын цэцэрлэгт туршиж амжилттай хэрэгжүүлсэн. Монгол орны төвийн системд холбогдоогүй гэр хорооллын айл өрхүүд, сургууль, цэцэрлэг, хотхон хороолол аялал жуулчлалын бааз, уул уурхайн кэмпүүдэд стандартын шаардлага хангасан цэвэрлэх байгууламжийг ашиглаж 97% хүртэл цэвэрлэгдсэн усыг хөрсөнд шингээж байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлээд байна.

Ультрасоник ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чимэгцэцэг

Монгол оронд тулгамдаж буй хоёр асуудал бол агаарын болон хөрсний бохирдол билээ. Сүүлийн жилүүдэд хөрсний бохирдол эрс нэмэгдэж буй энэ цаг үед манай улсад олон төрлийн цэвэрлэх байгууламжууд нэвтэрч байна. Харин нэвтрүүлж буй цэвэрлэх байгууламжууд тэр бүр төгс зохицож, нутагшиж чадахгүй, бүрэн цэвэрлэгдэхгүй байгаад байна. Манай компани ХБНГУ-ын түнш фирм болох Бергманн групптэй хамтрсан сургалт, семинараар дамжуулан төрийн болон иргэд аж ахуйн нэгжүүдэд хамгийн сүүлийн үеийн хөрсөнд нэг ч бохир ус хаяхгүй шинэ технологийг танилцууллаа.

WSB технологийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж нь 97% хүртэл цэвэршүүлдэг бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй 14 оронд 30,000 гаруй байгууламжид ашиглагдаж аль хэдийн хүлээн зөвшөөрөгджээ. ХБНГУ-ын Бергманн группын энэхүү технологийг Монгол улсад Ультрасоник ХХК-иар дамжуулан нэвтрүүлж буй бөгөөд албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. Энэхүү семинарт хүрэлцэн ирсэн зочдод нүхтийн аманд байрлах НҮХТ ВИЛЛАЖ цогцолборт суурилуулсан байгаль орчинд ээлтэй ногоон технологи бүхий цэвэрлэх байгууламжийг танилцууллаа. WSB цэвэрлэх технологи нь төвлөрсөн бус системийн барилга байгууламжид зориулагдсан бөгөөд хэт их болон бага ачаалалтай үед хэвийн ажилладгаараа онцлогтой юм.  Дэвшилтэт технологи шийдлүүдийг шууд авч ашиглах нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хүний оролцоо, ажиллагааг хөнгөвчилсөн, автоматжсан байдаг тул хөгжлийг товчилно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна