Суннит ба шийт: Тэд хэн бэ?

2015 оны 11 сарын 26

 

-Суннизм нь шийзмтэй харьцуулахад зөвшилцлийг номлодог бол, шийзм нь хүч чадлыг номлодог -

 

Лалын шашин дотроо суннит болон шийт хэмээх хоёр урсгалд хуваагддаг. Суннитийн гол төлөөлөл Саудын Араб бол шийтийнх нь Иран юм. Ойрхи Дорнодод өрнөж байгаа бүх зүйлс энэ хоёр урсгалын зөрчил юм.

 

 

Хэрхэн энэ байдал бий болов?

 

Шийтүүдийн хувьд буруу номтон болох Салафи хөдөлгөөн гэх мэт бусад хэт даврагсдын хөдөлгөөнүүд (Саудын Араб дахь “Ваххабис хөдөлгөөн”, Сири болон Египет дэх “Муслим ахан дүүс хөдөлгөөн”) суннит улсуудын нутагт дахин хүчээ авч эхэлсэн нь шашны урсгалын цөөнх байгаадаа хонзогносон тэднийг дахин сэрээх гол хөшүүрэг болж өгсөн юм.   

 

Нөгөө талаас, 1979 онд болсон Ираны шашин төрийн удирдагч Аяатолла Хомейнигээр удирдуулсан Исламын хувьсгалын цаад санаархал нь дэлхийг өөрсдийн шашны сүүдэр дор автуулах гэсэн оролдлого байсан нь суннитүүдийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэж өгсөн явдал болжээ.

 

 

Гэвч 1980 онд Аяатолла Хомейни өөрийн тэрхүү хүсэл зорилгоосоо болж, барууныхантай зөвшилцсөн Булангийн орнууд болон Иракийн удирдагч асан Саддам Хусейний заналхийлэлд өртөх болжээ. Ийнхүү Иран болон Иракийн хоорондох дайн найман жилийн туршид үргэлжилж, хэдэн саяар тоологдох хүмүүсийн амийг авч одсон юм. Мөн дээрх улсуудын нийгмийн болон улс төрийн орчинд нь дарамт учруулж байсан шашны цөөнх болох шийтүүдийн асуудал илүү хурцаар тавигдаж эхэлжээ.

 

Хэдийгээр Ираны (Исламын Нэгдсэн Улсын) дэлхий даяар шашны хувьсгал хийх санаархал амжилт олоогүй боловч энэ оролдлого нь Леваны Хезболла нэртэй шийт хөдөлгөөнийг Сири болон бусад улсад хүчирхэгжүүлж чаджээ.

 

 

Цаашлаад суннитүүдийн хүн амын хорогдол нь тэднийг шашны ертөнц дэх эрх тэгш байдал алдагдахад хүргэсэн бөгөөд нийгмийн энэхүү гүн ялгаа нь Сири болон Ирак дахь суннитүүдийн нөлөөг ихээхэн сулруулжээ.

 

Ийнхүү Ойрхи Дорнод дахь шашны тоглолтод Сири, Ливан, Ирак дахь шийтүүдийн хамсаатнууд нь лалын шашинд шийдвэрлэгчийн байр суурьнаас хандах болжээ. Шийтүүд Ираны нийт хүн амын 98%, Бахрайнийн 54%, Иракийн 30%, Ливанийн 30%, Арабын Нэгдсэн Эмиратын 27%, Кувейтийн 25%, Катарын 25%, Саудан Арабын 10%-ийг нэгтгэж чадсан хүчирхэг урсгал нэгэнтээ болж чадсан байгаа юм.  

 

 

Ийнхүү Исламын шашны хоёр том төлөөлөгчийн дайн 1980-1990 онд Египетэд хүчээ авч байсан ал-Жама ал-Исламия нэртэй исламын бүлэглэлийн хамаарах болжээ. Тэд Сири болон Ирак дах хүмүүсийн уур хилэн болон бачимдсан завшааныг ашиглаж, өөрсдийгөө либералистууд хэмээн нэрийдсээр анх гарч иржээ. 2014 оны долдугаар сард тэд өөрсдийгөө суннитүүдийн алтан эрин гэж хэлж болох 1924 онд Отоманы хаант улстай хамт мөхсөн Исламын Халифат бүлэглэлийг дахин байгуулж буйгаа зарлажээ.

 

 

Ийнхүү Халифат бүлэглэл Франц болон Английн колоничлолын үед тогтоосон Сири болон Иракийг заагласан хилийн зурвасыг байхгүй болгожээ.

 

Мухаммед гэж хэн байв?

 

Ах дүү шашны урсгал хоорондын мөргөлдөөн болох шийзм болон суннизмийн дайсагнах болсон шалтгааныг бүрэн ойлгохын тулд Мухаммед гэж хэн болох талаар дурдах шаардлагатай. Тэрээр 632 онд нас барсан зөнч байсан бөгөөд түүний зөгнөлүүд шийтүүдийн дайнаас амсах ялагдал, тэдний өшөө авах их хүсэл болон шийтүүдийн цусаар дэлхийд өргөл өргөх тухай байжээ.

 

 

Шийзмийн судлаач, түүхч Андрей Микелийн “Үл тайлагдах шашин болон түүний зорилго” гэсэн бүтээлд “Шийтүүдийн нэрний утга нь Араб хэлний Шиа буюу дагалдагч гэсэн үгнээс гаралтай”-г тэмдэглэжээ. Мухаммедийг нас барснаас 25 жилийн дараа, Мухаммедийн бага охин Фатимагийн нөхөр буюу хүргэн нь болох Али “Мухаммедын зөгнөлд шийтүүд бол Алигийн дагалдагчид юм гэжээ. Тиймээс Мухаммедийн халааг Али буюу миний бие авах ёстой” хэмээн итгүүлж шашны тэргүүнийг залгамжилжээ.

 

Мухаммед амьд сэрүүн үедээ цэргийн булаан эзлэлт гэх мэт зүйлсэд анхаарлаа их хандуулдаг байсны улмаас өөрийн залгамжлагчийг тодруулж чадаагүй байна. Гэхдээ Али зөвхөн 656 онд ганц жилийн туршид л шашин болон төрийн эрхийг барьжээ. Хэдийгээр тэр Дамаск болон Муавиягийн засгийг энэ нэг жилийн хугацаанд маш хурдан гартаа оруулж чадсан боловч, Али болон түүний дагалдагчид суннит урсгалын гуравдугаар халиф болох Утманы үхэлд буруутгагджээ. Ингээд төр барих эрхээсээ буусан Али үзэн ядалтынхаа хариуд Дамаскад “Умаяад” нэртэй төрт улсыг байгуулжээ.

 

 

Али хожим хортой сэлэмний шарх авч нас барсан бөгөөд түүний бунхан нь Нажафийн (одоогийн Ирак) нутагт үнэнч шийтүүдийн хамгаалалтад байдаг байна.

 

 

Алигийн хөвгүүд болох Хассан болон Хуссейн нар аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, Умаяад улсын буюу шийтүүдийн хоёр болон гуравдугаар захирагчид болжээ.

 

Ямартай ч, Исламын шашны эртний түүхэнд цус урсгасан тохиолдол хангалттай их бий билээ. Түүх цааш үргэлжилсээр, Алигийн хүү Хассан 680 онд бусдын гарт амиа алджээ. Харин амьд үлдсэн ганц хүү болох Хуссейн тэр жилийн аравдугаар сарын аравны өдөр болсон алдарт Карбалагийн дайны үед мөн л хэрцгийгээр амь насаа алджээ. Тулааны үед түүнд амжиж тусалж, амийг нь аварч чадаагүйдээ гэмшин тэр үеэс одоог хүртэл Нажаф болон Карбалагийн шийтүүд гэмээ цайруулахыг хичээдэг байна.

 

Дарлагдсан цөөнх

 

Али болон түүний хөвгүүдийн эмгэнэлт түүх одоогийн бидний мэдэх шийтүүдийг бүрэлдэн тогтоожээ. Тэд одоо ч Алигийн хүү Хуссейний Карбалад нас барсан өдрийг эргэн санахын тулд Ашула нэртэй өөрийгөө тарчлаан зовоох өдрийг тэмдэглэдэг байна.

 

 

Шийтүүдийн билэг тэмдэг болсон энэ мэт хатуу тэсвэр болон өөрийгөө золиослох явдлыг  суннитууд буруу номтны үйлдэл хэмээн эсэргүүцдэг байна.

 

Шийтүүдийн үзэж буйгаар, энэ цаг үед Ирак, Сири, Йеменд болж буй нөхцөл байдал бол 7-р зууны үед шашны цөөнх болж үлдсэн шийтүүдийн амссан доромжлолын хариуд авч буй өшөө авах хүсэл нь эргэн сэргэж буй хэрэг гэнэ. Тэд одоо болтол Алигийн байгуулсан “Умаяа”, болон Персүүдэд цохиулсан “Оттама” улсад тохиолдсон цуст түүхэнд ихээхэн ач холбогдол өгч амьдардаг байна.

 

Персийн хаант улс өөрсдийгөө Суннитаас тусгаарлахын тулд, Шийтийн урсгалыг улсынхаа шашнаар өргөмжилж, шашны номлогч болон санваартнуудыг Перс хэлийг сургажээ.

 

 

Исламыг судлаач Антойне Сфейр өөрийн “Исламын эсрэг Ислам” номондоо “XVI зуунаас хойш Иран улс Шийтүүдийн Ватикан болж хувирсан” хэмээн бичжээ.

 

Эдгээрээс үзэхэд суннизм болон шийзм урсгалуудад хэд хэдэн ялгаа байгаа юм. Тэдгээр нь:

 

  • Суннитууд нь зөнч Мухаммедийн уламжлал үзэл баримтлал болох Сунна болон Коран судрын зарчмыг баримталдаг бол, Шийтүүд бол илүү шидийн гэмээр тарни зан үйл ихтэй, Аллах хэмээх ганц бурхандаа итгэж найддаг бөгөөд, Мухаммедийг Аллахын зөнч хэмжээнд авч үздэг байна.

  • Шийтүүд зөвхөн Али болон Фатима нарын болон тэдний үр хойчийн хувь тавиланд өс санаж 7-р зуунаас хойш өдийг хүргэжээ.

  • Суннизм нь шийзмтэй харьцуулахад зөвшилцлийг номлодог бол, шийзм нь хүч чадлыг номлодог

  • Суннизмд хүн бурхан хоёрын хооронд ямар ч дамжуулагч байхгүй буюу лам хувраг гэж огтхон ч байхгүй. Тэд зөвхөн баасан гаригийн залбиралд сууж, Коран судраа уншиж, номлолуудын талаарх саналаа хэлэлцдэг байна.

 

 

Харин шийзмийн сургаалд хүч чадлаараа байлдан дагуулсан жинхэнэ удирдагчдыг тахин шүтэхийг номлодог байна. Шийтүүд итгэл үнэмшлээр бол тэдний агуу удирдагчид 12 дахь үе дээрээ зогсдог гэж үздэг бөгөөд одоогоос 874 жилийн өмнө Алигийн 12 дахь үе Мухаммед ал-Махди дээр дууссан юм байна.

 

 

Тийм учраас тэд энэ 800 гаруй жилийн хугацааг шинээр тодрох “үл мэдэгдэх” удирдагчаа олонд ил болж, өөрсдийг нь байлдан дагуулахыг хүлээн өнгөрүүлжээ. Тэдний хүлээж буй агуу удирдагч нь дэлхийн төгсгөл ирэх цаг хүртэл дэлхий дээр шударга ёсыг тогтоогч байх бөгөөд, хүн төрөлхтний сүүлийн цээрлүүлэлтийг гүйцэлдүүлэх нэгэн байх ёстой юм байна. 

 

БЭЛТГЭСЭН: Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна