Р.Жигжид: Далд уурхайн хөрөнгө босгох ажил эхэлчихсэн

2015 оны 11 сарын 26

Уул уурхайн салбарт өрнөж байгаа зарим төсөл хөтөлбөрийн явц болоод Гацууртын орд, Ноён уулыг тойрсон асуудлаар Уул уурхайн сайд Р.Жигжидээс тодрууллаа. 

-Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр буурсаар байна. Ирэх оны улсын төсөвт зэсийн үнийг хэдээр тооцож, хэдэн тонн зэсийн баяжмал экспортлох тооцоолол суулгасанбэ?

-Дэлхийн зах зээл дахь зэсийн үнийн уналт үргэлжилж байна. Тухайлбал, аравдугаар сарын 23-нд нэг тонн зэс 5295 ам.доллар байсан бол арваннэгдүгээр сарын 18-нд 4648 ам.доллар болсон. Ирэх жил нэг сая 361,6 тонн зэсийн баяжмал экспортолно. Ингэхдээ тонн тутмыг 5137,7 ам.доллар байхаар тооцсон. Үүнийг 2015 онтой харьцуулахад 7,6 хувиар буурсан байгаа юм.

-Зэс болон төмрийн хүдрийн орлого одоогийн байдлаар ямар хэмжээнд төвлөрсөн бэ?

-Оны эхний арван сарын байдлаар зэсийн баяжмалын орлогоос улсын төсөвт нийт 489,8 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой байсан. Үүнээс 556,4 тэрбум буюу төлөвлөгөөний биелэлт 113,6 хувьтай байна. Төмрийн хүдрийн хувьд оны эхний арван сарын байдлаар 46,9 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстойгоос 16,9 сая төгрөг төвлөрч 36 хувь биелсэн. Энэ нь төмрийн хүдрийн үнийн уналттай холбоотой юм.

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг ард иргэд дэмжиж, энэ төслийг эхлүүлэхээр болсон. Нэлээд шуугиантай эхэлсэн ч одоо намжих төлөвтэй болчихлоо гэж эдийн засагчид харж байна. Энэ төсөл одоогийн байдлаар ямар шатандаа хэрэгжиж байна вэ?

-Энэ оны тавдугаар сард Дубайд очиж Оюутолгойн далд уурхайн санхүүжилт болон бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Мөн “Оюутолгой” компанитай хамтарч Далд уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр форум зохион байгуулсан. Үүнд 600 орчим туслан гүйцэтгэгч компани оролцсоноос 250 нь дотоодын аж ахуй нэгж байсан. Энэ форумаар дамжуулан “Оюутолгой” компани ханган нийлүүлэлтээ бодитоор харж, гэрээ хийх бэлтгэлээ хангаж байгаа нь ажил хэвийн үргэлжилж байгаагийн тод илрэл гэж харж байна. Би “Оюутолгой” компаний захирлаас товч мэдээлэл сонссон. “Одоогоор хөрөнгө босгох ажил эхэлчихсэн, олон улсын банк санхүүгийн 20 гаруй байгууллагатай уулзсан. Үүнээс гарсан саналыг ТУЗ, хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулна” гэсэн мэдээлэл өгсөн. Тиймээс арванхоёрдугаар сард багтаан энэ төслийн талаар нааштай мэдээ сонсоно гэдэг хүлээлттэй байна.

-Гацууртын ордыг ашиглах тухай хуулийн төслийг өмнө нь хоёр удаа өргөн барьсан. Одоо гурав дахь  удаагаа өргөн барихаар төлөвлөөд байна. Энэ удаагийн төсөл өмнөх хоёроос ямар ялгаатай төсөл вэ?

-Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах тухай асуудал шийдэгдсэн. Гэвч төрийн эзэмших хувийг тогтоож чадалгүй хэд хэдэн удаа буцаагдсан. Үүнтэй холбогдуулаад Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн эзэмших хувьтай дүйцэх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг авах асуудлаар хөрөнгө оруулагч талтай санал солилцож яриа хэлэлцээр явуулж, зарчмын тохиролцоонд хүрээд байна. Манай яам энэ төслийг хуулийн дагуу эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Харин байгаль орчин, түүх соёлын дурсгал, үнэт туурийг хамгаалах асуудлыг нэг мөсөн цэгцлэх чиглэлийг БОНХАЖ яаманд Засгийн газраас өгсөн. Энэ дагуу Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг БОНХАЖ яам боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан. Хамгаалах газраа хамгаалж, ашиглах газраа ашиглах зарчмын байр суурийг Засгийн газар барьж байгаа. Ер нь ойрын хугацаанд олон нийтийг оролцуулсан хэлэлцүүлэг хийхээр төлөвлөөд байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна