Оросын онгоцны өртөг тэрбум тэрбум доллар

2015 оны 11 сарын 26

Фото:EPA / TURKISH PRESIDENTIAL PRESS OFFICE

 

Оросын онгоцыг буудсан хэрэг араасаа тэрбум тэрбумын хохиро дагуулж байна. Орос-Туркийн худалдааны эргэлт өнгөрсөн онд 30 тэрбум ам.доллар хүрсэн. Үүн дээр үйлчилгээний салбарын ашиг орлогыг оруулан тооцвол бараг 45  тэрбум ам.доллар болно.



Гэтэл туркууд Оросын бөмбөгдөгч онгоцыг буудан унагасан нь эдийн засгийн энэ харилцааг аюулын ирмэгт аваачлаа. Анхны цохилт нь ОХУ-ын аялал жуучлалын садбарт тусч байна. Оросын ГХЯ жуулчдад хандан Туркт очихгүй байхыг зөвлөв. Жуулчны томоохон агентлагууд аажмаар энэ чиглэлийн тасалбарын худалдаагаа хумьж эхлэв. Орос жуулчдад Турк ямар хэрэгтэйг энд ярих хэрэггүй биз.

 

"ОнлайнТур" компанийн төлөөлөгч Игорь Блинов:

"Бидний үнэлгээгээр орос жуулчдын Туркийн төсөвт оруулж байгаа орлого германчуудын дараа хоёрдугаарт ордог. Туркт жуулчлах оросуудын эзлэх хувь жилдээ 12-14 хувь байдаг. Мөнгөөр тооцох юм бол 3,5 тэрбум ам.доллар юм”.

 

Худалдааны салбарын хохирлын талаар одоохондоо чимээгүй байгаа ч хохирол учрахыг шинжээчид үгүйсгээгүй. Сануулахад, Турк тухайн үедээ Барууны орнуудын Орост тавьсан хоригт нэгдэхээс татгалзсан бөгөөд гарсан боломжийг нь өөртөө ашигтайгаар ашиглан Оростой худалдааны холбоогоо бэхжүүлсэн юм.

 

Турк 2014 оны байдлаар, Оросын гадаад худалдааны түншүүд дотор зургадугаар байрт орж ирсэн юм. Туркууд ОХУ-ын экспортод тавд, импортод 13-р байрыг эзэлж байна. ОХУ харин Туркийн импортод нэгдүгээрт, экспортод зургаад байгаа.

 

 

Түүгээр ч барахгүй ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев сарын өмнө чөлөөт худалдааны гэрээ байгуулах бэлтгэл явагдаж байгааг зарласан юм. Гэтэл одоо энэ төлөвлөгөөгөө орхиход хүрлээ. Эцэст нь “Туркийн урсгал” гэх төслийг хумих бодит аюул үүсээд байна. 



Германы дараа Оросын байгалийн хийн наймааны хоёр дахь том зах зээл нь Турк юм. Туркууд хийн хэрэглээнийхээ 60 хувийг Оросоос авдаг бөгөөд 2014 онд тэд 27,4 тэрбум шоо метр хий авсан байна.

 

Саяхан хоёр орон 2020 оны эцэс гэхэд худалдааны эргэлтээ 100 тэрбум ам.доллар болгох үнэнхүү эрмэлзэлтэй байлаа. “Турк бол бидний тэргүүн чиглэлийн түншийн нэг бөгөөд сайн найз нарын нэг юм. Олон жилийн турш Турк манай харилцаа маш дотно төвшинд байгаа” гэж аравдугаар сард Владимир Путин ярьж байлаа. Харин онгоц унасан Мягмар гаригийн орой тэр ингэж хэлсэн юм. “Мэдээж, бид болсон хэрэг явдлыг нягтлан анхааралтай дүгнэх болно. Харин өнөөдрийн эмгэнэлт үйл явдал нь Орос-Туркийн харилцаанд ноцтой үр дагаврыг дагуулна” гэж Путин онцолсон юм.

 

Турк нь Орост ургамлын гаралтай бүтээгдэхүүн, нэхмэл, барилгын материал, янз бүрийн тоног төхөөрөмж нийлүүлдэг.

 

GOLTSBLAT BLP-ийн түнш Виталий Можаровский:

"Барилгын ихээхэн хэмжээний материалыг Туркаас импортолдог. Эхний ээлжид тэр нь цемент, шилэн хавтан юм. Цементийн хувьд Оросын зах зээл өрсөлдөх чадвартай. Нэг үгээр энэ зах зээлд хэдэн том тоглогч байгаа.  "Евроцемент", "Лафарш", "Хольцием" гэх мэтийн том тоглогчид байна. Янз бүрийн маркийн цемент үйлдвэрлэдэг арай жижиг үйлдвэрлэгчид ч олон бий. Шилэн хавтангийн хувьд бас орон нутгийн үйлдвэрүүд, бусад газрын импорт байна. Зах зээл ханамж, өрсөлдөөнөөр сайн гэж болно”.

 

Нэмэн өгүүлэхэд, Турк нь ЕвроАзийн эдийн засгийн холбоонд орох бүрэн боломжтой байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна