Чэжүгийн гранпри тэмцээн эхэллээ

2015 оны 11 сарын 26

БНСУ-ын Чэжү хотод жүдо бөхийн гранпри тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжлэх Чэжүгийн гранпри тэмцээнд дэлхийн 70 орны 421 жүдоч (эрэгтэй 237, эмэгтэй 184) оролцож байна. Манай улсаас эрэгтэй 9, эмэгтэй 7 жүдоч өрсөлдөх юм.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болно.

Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Г.Хэрлэн, 66 кг-д Д.Алтансүх, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ П.Буянхишиг, 57 кг-д Л.Энхрийлэн нар татамид зодоглоно.

Мөн Казахтаны нэрийн өмнөөс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг барилдах юм.

Дашрамд дуулгахад, Зүүн Азид болдог цуврал тэмцээн өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Энэ сарын 20-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндаогийн олимпийн эрхийн оноо олгох гранпри тэмцээнд манай жүдочид амжилттай оролцож, 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, шагналт VII байрт 2 жүдоч орсноор багийн дүнгээр Японы дараа хоёрдугаар байрт жагссан билээ. Жүдочдын оролцох энэ оны сүүлчийн тэмцээн 12 дугаар сарын 2-нд болох Токиогийн “Их дуулга” юм.

НЭМЭЛТ 16.00 цаг.

Эрэгтэй 60 кг-ын жинд дэлхийн аварга Г.Болдбаатар аваргын төлөө барилдана.

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн аваргын төлөө Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Г.Отгонцэцэг барилдахаар шалгараад байна.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна