Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

2015 оны 11 сарын 26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 10.25 цагийн орчимд эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хуулийг баталснаар эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчид аль ч шатны сонгуульд нэрээ дэвшүүлэхэд сонгууль болохоос зургаан сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдөх шаардлагагүй болж байна.

Онцлоход, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд нэр бүхий гишүүн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг гишүүдийн олонхи дэмжсэнийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд мөн дэмжсэнээр эл хууль батлагдлаа.

УИХ-д Сонгуулийн тухай нэр бүхий дөрвөн хуулийн төсөл батлагдсанаас дээрх хуулийн төслийг тэргүүнд нь баталж байна. Бусад гурван төслийг нэгтгэхээр болж, өргөтгөсөн ажлын хэсэг байгуулах шийдэлд хүрээд байгаа юм.

Мөн хуралдаанаар Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хөдөө аж ахуйн салбар нь ДНБ-ий 12.2 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 28.6 хувийг ажлын байраар хангадаг Монгол Улсын чухал ач холбогдолтой салбар болжээ.  2014 оны түвшинд салбарын эдийн засгийн өсөлт 14.4 хувь, хөдөө аж ахуйн салбарын ДНБ-ий эзлэх хувь 12.2 хувьд хүрч, 51.9 сая толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй сэргэн, хөгжих эхлэл тавигдсан, мах, сүүний чиглэлийн 50 орчим мян.толгой үхэртэй болж, жилд 518 мян.т үр тариа, 270 гаруй мян.тн төмс, хүнсний ногоо хураан авч, 7000 тн ноолуур, 23000 мян.тн ноос, 11 сая ширхэг арьс, шир бэлтгэж, хүн амын мах, гурил, төмсний хэрэгцээг бүрэн хангадаг болсон аж. Гэвч олон улстай харьцуулахад хөдөө аж ахуйн салбарын боловсруулалтын түвшин доогуур эдийн засгийн үр ашиг өгөөж бага байсаар байгаа тул бүтээмжийг нэмэх нь чухал аж.

Иймд дээрх бодлогод дараагийн 10 жилд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжлийн гуравдугаар үе шатанд гаргах зорилтыг салбарын бодлогод дэвшүүлжээ. Үүнд, бэлчээрийн мал аж ахуйг зонхилон, хот суурин, газар тариалангийн бүс нутагт эрчимжүүлсэн аж ахуйг эрхлэх. Нөөцийг зохистой ашиглах хөгжлийн загварт суурилсан, ногоон эдийн засгийн чиг баримжаатай мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх.

Газар тариалангийн талаар баримтлах бодлогын зорилго нь газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулж, хүн амын хүнсний хэрэгцээг хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдэнэ.

Хүнсний үйлдвэрийн талаар баримтлах бодлогын зорилго нь хөдөө аж ахуйн түүхий эд, байгалийн баялгийг дэвшилтэт технологи ашиглан үр ашигтай боловсруулж, чанар, эрүүл ахуйн баталгаатай бүтээгдэхүүнээр зах зээлд өрсөлдөх нөхцөл бүрдүүлэхэд чиглэх юм байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна