"Сүрьеэгүй Монгол" хэлэлцүүлэг боллоо

2015 оны 11 сарын 26

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран “Сүрьеэгүй Монгол” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.11.26/ Төрийн ордонд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон Эрүүл мэнд, спортын яам, Сангийн яам, Хууль зүйн яам БСШУЯ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ХӨСҮТ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ШШГЕГ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн Үндэсний зохицуулах зөвлөл, Улсын нэгдсэн төв эмнэлэг зэрэг байгууллагын төлөөлөл өргөн хүрээнд оролцож санал солилцлоо.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр нээж хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ё.Отгонбаяр, Л.Энх-Амгалан нар санаачлан боловсруулж, Засгийн газраар өргөн мэдүүлүүлсэн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хууль байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн шатанд явж байна. Тус хууль эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын төрөл зохион байгуулалтыг хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан шинэчлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлсэн эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн бие даасан байдлыг хангах зэрэг эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэлийг хийж, эрүүл мэндийн тогтолцооны гажуудлыг засаж залруулах чухал хууль болно гэж үзэж байна.

Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтдоо “2015 он гэхэд сүрьеэгийн тархалтыг 100.000 хүн амд 150, нас бараилтыг 1.5 болгож бууруулах”-аар тусгасан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй 7 орны нэгт Монгол Улс багтдаг бол дотоодын судалгаагаар сүрьеэгийн тархалт нийт халдварт өвчний 3, халдварт өвчнөөр нас баралтын шалтгааны 1-рт орж байна. Ийнхүү тархалт өндөртэй сүрьеэ өвчин нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал хэвээр байсаар байна. Сүрьеэ бол амьсгалын замаар тархдаг, нийгмийн халдварт өвчин. Нэг сүрьеэтэй өвчтөн 10-15 хүнд халдвар тараах боломжтой байдаг. Сүрьеэг аль болох эрт оношилж, архагшуулалгүй эмчилж чадвар халдварыг хязгаарлаж чадахаас гадна төсөв зардлыг ч хэмэх боломжтой юм. Монгол Улс сүрьеэгийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа.

Судалгаанаас харахад хүн амын талаас илүү хувь нь уг өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал, хандлагын талаар хангалттай сайн мэдлэггүй байна. Иймд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уг өвчний талаарх ухуулга, мэдээлэл, сурталчилгаа явуулах шаардлагатай. Өнөөдрийн хэлэлцүүлгийг гол зорилго ч үүнд чиглэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр “Сүрьеэгийн өвчлөлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт” сэдвээр Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр, “Сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Буянжаргал, “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх тэлээр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас баримталж буй бодлого чиглэл” сэдвээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Вүү Жин Лив, “Сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагаанд төрийн бус байгууллагын оролцоо” сэдвээр Монголын сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ц.Ганхүү нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэн оролцогчид байр сууриа илэрхийлэв.

Шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувь нь 16-44 насны залуучууд байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа аж. Мөн сүрьеэгийн өвчлөлтэй тэмцэхэд хүний нөөцийн хомсдол дутагдалтай байгаагийн зэрэгцээ ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиникийн тасгууд нь өвчтөний халдварын зэрэг, эмэнд тэсвэртэй хэлбэрээр нь ангилан хэвтүүлэх боломжгүй, хүүхдийн сүрьеэг эмчлэх тасаг нь сүрьеэгийн клиник дотроо холилдсон, эмч, эмнэлгийн мэргэжилтний дундах сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа нь өнөөгийн тулгамдсан асуудал болоод байгааг оролцогчид хэлж байсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр сүрьеэгийн өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай асуудлыг нухацтай хэлэлцэн ярилцаж, тус өвчинтэй тэмцэх талаар цаашид авч хэрэгжүүлэх санал, зөвлөмж гаргах нь зүйтэй гэж үзлээ

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна