Оросын онгоц гэж мэдээгүй гэв

2015 оны 11 сарын 26

-Москвад орших Туркийн элчин сайдын яамны гадна жагсаж, өндөг шиджээ-

 

 

Туркийн арми Мягмар гаригт /XI.24/ агаарын хил зөрчсөн гадны байлдааны онгоцыг буудаж унагаахдаа ОХУ-ынх гэдгийг мэдээгүй гэнэ. Түүнчлэн энэ хэрэг дээр бүх талаар хамтарч ажиллахад бэлэн буйгаа Туркийн арми мэдэгджээ. Мөн ОХУ-ын батлан хамгаалах болон цэргийн атташе нарыг Анкарад урьж, хэрэг явдлын талаар тайлбар өгч, ярилцах хүсэлт тавьсан байна.

 

Турк Оросын онгоцыг сөнөөсөн нь “төлөвлөгөөт өдөөн хатгалга” хэмээн Москва үзэж байгаа аж. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ хэргийг “алан хядагчидтай хамсч, ар нуруунаас хутга зоолоо” хэмээн хурцаар буруушаасан билээ. Түүнчлэн ОХУ дэвшилтэт технологийн “S-400” хамгаалах системээ Сирийн Латакиа боомт хотод орших агаарын бааз руу илгээсэн байна. Харин Туркийн хилийн дагуу 18 тооны “F-16” сөнөөгч онгоцоор эргүүл хийж эхэлсэн байна.

 

Оросын “СУ-24” байлдааны онгоцны сүйрлээс амьд үлдсэн нисгэгчийн хэлснээр Туркийн арми анхааруулгагүй гал нээсэн гэнэ. Гэтэл Туркийн арми хоёр ч удаа анхааруулга өгч буй аудио бичлэгийг цацсан байна. Бичлэгт “Туркийн нисэх хүчин ярьж байна. Та нар Туркийн орон зайд нэвтэрлээ. Чиглэлээ өмнө зүгт яаралтай шилжүүлнэ үү” хэмээн англи хэлээр давтан хэлжээ.

 

Туркийн арми Оросын байлдааны онгоцыг сөнөөсөн нь өргөн хүрээтэй геополитикийн зөрчил үүсгэж болзошгүй байгааг ажиглагчид хэлж байгаа юм. Турк болон ОХУ нь Сирийн иргэний дайны асуудалд эсрэг байр суурьтай аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна