Ардчилсан нам амлалтаа биелүүлвэл яасан юм бэ?

2015 оны 11 сарын 26

...Тэр хэнд ч садаа болоогүй

Гэвч гяндан дотор... гэх дууны үгийг өнөөгийн залуус андахгүй. Доошилсоор буй амьдралын үнэ цэнэ, улам бүр хязгаарлагдан, хавчигдан алсран замхарч буй хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн шинэ үеийнхний сүлд дуу гэж хэлж болохуйц энэ дууг сонссон олон мянган залуус долоон жилийн өмнө Ардчилсан нам, Х.Тэмүүжинг дэмжсэн.

Жирийн залуус төдийлөн ойшоодоггүй, сөхөж харахаас ч халширдаг сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болсон хуулийн шинэчлэлийн асуудлыг өөрсдийнх нь “хэлээр” нь хүргэснээсээ энэ дуу маш том донсолгоог нийгэмд хийсэн чадсан билээ. Энэ дуу хувь хүний халдашгүй эрх чөлөө, хуулийн дарангуйллын үнэн нүүр царайг илэрхийлж чадсан нь яван явсаар 2012 онд Ардчилсан намыг /АН/ хоёр дахь удаагаа эрх барих хэмжээний суудал авахад хүргэсэн билээ.

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөөс иргэдийн саналыг авч чадсан хамгийн том нөлөө нь хуулийн шинэчлэл, хүний эрхийн төлөө хийх ажлын жагсаал байсантай хэн хүнгүй санал нийлэх буй за. 

Ном ёсоороо хохирлоо төлүүлэх худлаа биз дээ

Жам ёсоороо маргааш гэсээр мартагдах биз дээ... гэдэг шиг үнэндээ Монголын Эрүүгийн хууль хохирлыг барагдуулах бус яллахад чиглэсэн. Үүнийг л засах, залруулах чин хүсэл, хохирлоо барагдуулж чаддаг тогтолцоо үгүйлэгдэж, нийгмийн шаардлага болтлоо өндрөө авсан хэрэг. 

Галгүй, хүйтэн гэрт орхисон хүүхэддээ талх авч өгөх гээд 10 мянган төгрөг хулгайлсан эмэгтэй давтан гэх шалтгаанаар 10 жилийн ял сонсч байхад хэдэн зуун саяар нь төрийн данснаас сэгсэрсэн луйварчид ялгүй өнгөрдөг тийм л тогтолцоог өөрчлөхөд хуулийн шинэчлэл чиглэнэ гэдгийг хуулийн шинэчлэлийн автор нь болсон хүмүүс хэлдэг.

Тиймээс ч шүүх, хуулийн салбарт иргэдээ айлгадаг биш хамгаалдаг, ойр дотно ажилладаг тогтолцоог бий болгоход л АН-ын, ардчилсан Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн хуулийн шинэчлэл оршиж байсан.  

Өнгөрсөн хугацаанд ч энэ талаар чамлахааргүй ахиц гарсан. Өнөөдөр Монголын цагдаа гэм буруутайг нь тогтоогоогүй байж хэдэн сараар ч хамаагүй албадан хорьж, хүчээр улайлгадаг явдал түүх болсон. Тухайн сэжигтнийг саатуулах эсэхийг мөрдөн байцаагчийн үнэлэмжээр бус шүүхийн шийдвэрээр шийддэг болсон нь тод дэвшил.
Энэ шинэчлэлийн хүрээнд хамгийн гол шүдний өвчин болсон Эрүүгийн хуулийн шинэчлэл харин өнөөдөр МАН-ын бодлогоор гацаанд орлоо.

Нэрнээсээ эхлээд заналхийлсэн өнөөгийн Эрүүгийн байцаан шийтгэх хууль ялих шалихгүй жижиг зөрчил гаргасан, улсад асар их хэмжээний хохирол учруулсан том гэмт гэмт хэргийн аль аль нь “хар гэрт” хийх зохицуулалттай.

Тиймээс л энэ бүхнийг  өөрчлөн аль аль талын эрх үүрэг, ялын тохирсон хэм хэмжээг ойлгомжтой болгох үүднээс Зөрчлийн тухай, Гэмт хэргийн тухай, Захиргааны хариуцлагын тухай, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай зэрэг тусгайлсан хуулиуд гаргах шаардлагатай.

Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 420 гаруй хууль байгаагаас зөрчлийн хэм хэмжээ тогтоосон зүйл заалттай нь 196 бий. Эдгээрийн 14-т нь “хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж ерөнхий байдлаар, 41-т нь Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр иш татан зохицуулж, бусад хуульд захиргааны зөрчлийг бүрэлдэхүүнээр нь тодорхойлж заасан тухай хуульчид онцолдог.

Тэгвэл хэрэгт нь таарсан хариуцлага тооцдог гэмт хэрэг, зөрчлийн шинжийг

ялгамжтай байдлаар, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилж, томъёолохоос гадна шинээр хамгаалах шаардлагатай нийгмийн харилцаа, хүний эрх, эрх чөлөө, хүний халдашгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн Эрүүгийн хуулийн шинэтгэлийг дэмжихгүй гэдгээ өнгөрсөн даваа гаригт МАН мэдэгдэв.

Хэрэвзээ Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг батлаж, бодлогын хувьд өөрчилж чадвал Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хамгийн том шинэчлэл, иргэдийн тэдэнд өгсөн сонголт баталгаажих учраас л аль  болох хойшлуулж, ямар ч хамаагүй аргаар түүнийг нь зогсоож байгаад Сонгуульд орж, амласнаа биелүүлээгүй гэх хар сурталчилгаа хийх нь тэдэнд ашигтай. 2012 онд өр тавьж байгаад амлалтаа биелүүлж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх эхлэлийг тавьсан тэд өнөөдөр хамгийн түрүүнд хямралын бурууг Засгийн газарт үүрүүлэх тактик барьдаг.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрүүгийн хуулийг мэргэжлийн хүмүүс л өөрчилдөг” гээд буй бол УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга С.Бямбацогт энэ тухай “Өнгөрсөн хавар УИХ-аар Эрүүгийн хуулийг хэлэлцэж байхад хуульч гишүүд эсэргүүцэл илэрхийлж, мөн МАН-ын бүлэг баялаг бүтээгчдийг дарамталсан олон зүйл ангиар өндөр торгууль тавихыг багасгаж, зүйл ангийг цөөлсөн. Хуулийн этгээдэд 14 тэрбум төгрөгийн торгууль ногдуулах байсныг 1.4 тэрбум болгож 10 дахин бууруулсан. Бусад асуудал мөн учир дутагдалтай учраас дэмжих боломжгүй байгаа” гэдгээ хэлж байна.

Хэрэвзээ алдаа оноо байгаа бол хэлэлцүүлгийн шатанд засч залруулаад явах нь тэдний үүрэг. Харин нийгэмд хүлээлт үүсгэсэн чухал хуулийг хэлэлцэхийг дэмжихгүй гэх нь үнэндээ утгагүй.

Үүнээс болоод өнөө хэр нь байсаар буй хүнийг эрүүдэн шүүх, хүний орон байранд хууль бусаар халдах, хууль бусаар нэгжих, эд хөрөнгө хураан авах, битүүмжлэх, зөвшөөрөлгүй мөрдөж мөшгих, хууль бусаар баривчлах, саатуулах, ялгаварлан гадуурхах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг улам бүр гаарсаар байна. НҮБ-д илгээсэн Хүний эрхийн тайлан илтгэлд л гэхэд эрүүдэн шүүх явдал илт ихэссэн талаар дурдаж, тэр нь тулгамдсан асуудал болтлоо том асуудал болсон тухай онцолж байна.

Гэтэл үүнийг зохицуулах гол хуулийг дэмжих боломжгүй гэж буй нь үнэндээ “шоронжсон Монгол”-ыг хэвээр нь үлдээх сонирхол тус намд байна гэж харахаас өөр арга алга.

Юм л бол барьж хорьдог, хувь хүний гэмт хэрэг хийсэн шалтгаан нөхцөл байдлыг харгалзахаас урьдаж яллах тогтолцоог гэм буруугаа хүлээсэн, хохирлоо арилгасан тохиолдолд оногдуулсан хорих ялын хэмжээнээс хоёрны нэгээс дөрөвний нэг хүртэл хувиар хасахаар солихыг дэмжих нь Монголын гурван сая иргэний хүсэл зорилго.

Энэ бүхний цаана Ц.Нямдоржийн орондоо зассан хуулиар иргэдээ цагдах сонирхол гэхээсээ илүүтэй өрсөлдөгчиддөө оноо алдахгүй гэсэн өрөвдөлтэй атгаг санаа өндөлзөнө.

Хэрэвзээ Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг батлаж, бодлогын хувьд өөрчилж чадвал Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хамгийн том шинэчлэл, иргэдийн тэдэнд өгсөн сонголт баталгаажих учраас л аль болох хойшлуулж, ямар ч хамаагүй аргаар түүнийг нь зогсоож байгаад Сонгуульд орж, амласнаа биелүүлээгүй гэх хар сурталчилгаа хийх нь тэдэнд ашигтай. 2012 онд өр тавьж байгаад амлалтаа биелүүлж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх эхлэлийг тавьсан тэд өнөөдөр хамгийн түрүүнд хямралын бурууг Засгийн газарт үүрүүлэх тактик барьдаг.

Шоронжсон Монголоос татгалзах хуулийг дэмжихгүй байна гэдэг бол ард түмнээсээ уравсан урвалт гэхээс өөр тайлбар даанч олдсонгүй. Монголын жирийн иргэдийн туйлан хүслэн бол зүгээр л амьдрах гэдгийг жирийн иргэний хувиар энэ цагийн ардгүй намд Л.Нарантөгс өнөөдөр үүнийг бичив.

Ерөөс Монголын хөгжлийн түүхийн 90 гаруй жилтэй нягт холбоотой гэгддэг ууган намын өнөөгийн төрх нь тэр. Ардчилсан хүчний үед асуудал хүндэрдэгтээ бус асуудлыг гацааж, байж болох бүх боломжоороо эрх баригчдыг харлуулан “шүршихэд” МАН-ын бодлого чиглэдэг учраас Ардчилсан намын үед иргэд хэцүүхэн байдалд ордог нь нууц биш.

Ардын гэх тодотголтой хэрнээ ардынхаа эсрэг бодлого барьдаг, тэднийхээ эрх ашгийн эсрэг зогсдог нь тэдний гэм биш зан. Тэдэнд үнэндээ “ардын” гэх тодотгол арай л гоёдсон гангараа. Анх байгуулагдсан ахуйдаа ард түмэн, тусгаар тогтнол, эх орныхоо төлөө явж, халуун амь, бүлээн цусаа өргөсөн эх орончдын үүсгэн байгуулсан намыг адаг сүүлд нь адгийн болгосон хүмүүс нь өнөөгийн тэдний лидерүүд.

Шоронжсон Монголоос татгалзах хуулийг дэмжихгүй байна гэдэг бол ард түмнээсээ уравсан урвалт гэхээс өөр тайлбар даанч олдсонгүй. Монголын жирийн иргэдийн туйлан хүслэн бол зүгээр л амьдрах гэдгийг жирийн иргэний хувиар энэ цагийн ардгүй намд Л.Нарантөгс өнөөдөр үүнийг бичив.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна