Г.Баярсайхан: 2016 онд цалин нэмнэ

2015 оны 11 сарын 26

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо.


Тэрбээр “УИХ-аар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Мөн Монгол Улсын төр ойрын үед Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын баримт бичгийг зайлшгүй УИХ-аар хэлэлцэх шаардлагатай. Учир нь, өнөөдрийг хүртэл энэ бодлого байхгүй байсан. Одоо Хөдөлмөрийн яам дээр боловсруулагдаад бэлэн болсон. Мөн Ажиллах хүчний тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцээд бэлэн болгосон байгаа. Өнөөдрийн байдлаар Хөдөлмөрийн яаман дээр таван төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ нь Хөдөлмөр эрхлэх сангаас санхжүүждэг. Тухайлбал, Малчид, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зэрэг төсөл хөтөлбөр байгаа бөгөөд 30 мянга гаруй иргэн хамрагдсан” гэв.

Гурван талт гэрээ хэлэлцээрийн үр дүнд цалин нэмэх асуудлыг 2016 оны төсвийн тодотголд суулгахаар болж, үүнд 90 тэрбум төгрөг тусгуулсанаа сайд онцолж байна.

Хөдөлмөрийн яам Байгаль орчны яамтай хамтарч ой хамгаалагч, цэцэрлэгч нарыг бэлтгэх, мөн Батлан хамгаалах яамтай “Монгол цэрэг” хөтөлбөрийг идэвхжүүлэх санамж бичгүүдийг тус тус байгуулжээ. Цэргийн алба хаах хугацаандаа мэргэжлийн боловсрол эзэмших, халагдсаныхаа дараа хөдөлмөрийн харилцаанд орж амьдралаа баталгаажуулах боломж нь бүрдэж байна гэдгийн өнөөдрийн мэдээлэлд онцолсон.

“УИХ-аар бид 2016 оны төсвийг батлахдаа дэд бүтцийн салбарт төмөр замыг барьж байгуулахад цэргийн албан хаагчдыг оруулна. Үүнд 24 тэрбум төгрөгийг суулгасан байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд төмөр замын далан барих ажилд цэргийн алба хааж байгаа цэргүүдээ мэргэшүүлээд, энэ бүтээн байгуулалтын ажилд хамруулна. Энэ нь олон улсын конвенци зөрчиж байна гэсэн шүүмжлэл ирж байгаа. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газрын хөтөлбөрт тусгасан. Залуучуудыг мэргэшүүлэх, улмаар цалин өгөх асуудал нь ямар нэгэн хууль дүрэм зөрчиж байгаа асуудал байхгүй” гэлээ. Энэ ажилд Хөдөлмөрийн яамнаас бүтээн байгуулалт явуулах аймгуудад МСҮТ-өөрөө дамжуулаад залуучуудыг мэргэшүүлэх юм.

 “Дан ганц цэргийн албан хаагч хамрагдана гэж ойлгож болохгүй. Мөн багшлах боловсон хүчнээ манай яамнаас бэлтгэж байгаа аж. Ирэх жил төгсөх оюутнуудаа энэ ажилд хамруулах ажлыг зохион байгуулна. Монголын төмөр замаас мэргэжлийн боловсролтой 3362 залуу хэрэгтэй байгаа” гэлээ. Үүнд, бульдозерчин, эксковаторчин, жолооч, техникч гэсэн мэргэжлүүд зонхилж байгаа аж.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна