Орос нисгэгчдийг буудсан дайчдын бичлэг тавигджээ

2015 оны 11 сарын 26

Кадр: видео Reuters / YouTube

 

Шүхрээр бууж байсан Оросын нисгэгчдийг буудсан тухайгаа ярьж байгаа видеог Reuters агентлаг нийтэлжээ. Бичлэгт Альпаслан Челик (Alpaslan Celik) гэгч болон түүний дайчид “нисгэгч нарыг агаарт буудаж хөнөөсөн” гэж ярьж байлаа.

 

“Орос агаараас довтолсон. Цэргийн довтолгооны эсрэг бид Аль-Наджия гэх уулын хэсэг рүү хөдөлсөн. Энэ үеэр Туркийн онгоцууд тэдний агаарын хилийг зөрчсөн Оросын онгоцыг унагасан” хэмээн тэр хэлээд шүхрийн хэсгээс харуулжээ.

 

Нэг нисгэгч амь үрэгдсэн нь тодорхой ч Челик хоёр нисгэгч алагдсан гэж ярьж байжээ.

 

 

Су-24 онгоцны багийн дарга дэд хурандаа Олег Пешков шүхрээр бууж явах үедээ алан хядагчдын галд өртөн амиа алдсан. Пешковт Оросын баатар цолыг нэхэн олгожээ.

 

Буудсан онгоцоос амьд гарсан нисгэгч Константин Мурахтиныг “Эр зоригийн одон”-гоор шагнасан билээ. Тэрбээр амь үрэгдсэн даргынхаа өшөөг авна гэж амлажээ.

 

Оросын бөмбөгдөгч онгоц цохилт өгч байсан дүүрэгт уугуул туркменууд амьдардаг бөгөөд тэд Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг тэмцдэг. Энд 100 мянга орчим туркмен амьдардаг.

 

РежепТайипЭрдоган

Фото: KayhanOzer / Zuma / Global Look

 

Арваннэгдүгээр сарын 24-нд Сирийн нутаг дэвсгэрт унасан Оросын бөмбөгдөгч онгоцны эх биеийн хэсэг Туркийн нутгаас олсон гэнэ. Энэ тухай ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ хэмээн CNN суваг дамжуулав.

 

“Онгоцны зарим хэсэг Туркийн нутаг дэвсгэрт унасан бөгөөд үүний улмаас хоёр иргэн шархадсан” хэмээн ерөнхийлөгч ярьжээ. Туркийн тэргүүний хэлснээр, Оросын онгоцуудын цохилт хийж байгаа нутагт “Исламын улс” бүлгийн дайчид байхгүй гэнэ. Бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөн нь “Турк өөрийн хил хязгаар, аюулгүй байдлыг хамгаалсан хэрэг” гэж Эрдагон дахин мэдэгдлээ. Тэр энэ тухай Мягмар гаригт мэдэгдсэн бөгөөд үүнийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон Пентагон дэмжсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна