“Цэцэрлэгийнхэн яагаад гэж байнга асуудаг”

2015 оны 11 сарын 26

Энэ бол Хан-Уул дүүргийн 27 цэцэрлэгийн бэлтгэл ангийн төлөөлөл. Цаг минут тутамд багш нараасаа “яагаад” гэдэг асуултыг тавьж хариулт авдаг. Багшийнхаа заасан зургийг дуурайж зурах биш өөр өөрсдийнхөөрөө сэтгэж өнгө, будаг бүрийн учрыг олох эрмэлздэг, чөлөөтэй сэтгэж, ярилцдаг тэд бол 5-6 настнууд. 60 жилийн түүхтэй цэцэрлэгийн хуучин барилга нь хана, шалнаасаа нурж, дахин ашиглагдах боломжгүй гэсэн улсын байцаагчийн дүгнэлт гарч, нураагдсанаар өнөөдөр тэд шинэ цэцэрлэгийн байртай боллоо. Тодруулбал, нийслэлийн хөрөнгөөр барьж шилжүүлэх нөхцөлтэйгээр  нэг тэрбум 610 сая төгрөг гаргаж, 27 дугаар цэцэрлэгийн барилгыг шинэчилсэн байна. Цэцэрлэгийн хуучин барилга 100 хүүхдийн багтаамжтай байсан бол шинэ байр нь 200 хүүхдийн багтаамжтай найман бүлэг ангитай болж өргөжжээ. Гэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэгийн насны хүүхдийн тоо нэмэгдсэн тул өмнө ч, одоо ч тус цэцэрлэг ачааллаа нэг дахин нэмж ажиллаж байна. Одоо тус цэцэрлэгийн гаднах тоглоомын талбайг тохижуулах ажил орхигджээ.

Сурах танхим, төлөвших анги нь томорч, тохь тухтай, аюулгүй болсонд талархаж буйгаа хүүхдүүд багш нартаа байнга илэрхийлдэг болжээ. Энэ бол нийгмээ дагаад бага насныхны сэтгэн бодох чадвар, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсны нэг илрэл гэж Ц.Гантуяа багш тайлбарлалаа.

Цэцэрлэгийн барилгаа дагаад гал тогооны тоног төхөөрөмж буюу буузны жигнүүр, нэг, хоёрдугаар хоолны тогоо шинэчлэгдсэн. Энэ нь хүүхдүүдийн хоолыг бэлтгэхэд амар, хялбар болсноо ахлах тогооч нь онцолсон юм. Тэд өдөр бүр илчлэг ихтэй, хүүхдэд тохирсон хоолыг өгөхийн тулд 06.00-20.00 цагийн хооронд ажилладаг байна.

27 дугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилтийг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа. Гэхдээ концессын гэрээгээр хийгдсэн учир барилгын нийт өртөг нэг тэрбум 610 сая төгрөгийг хоёр хувааж, гүйцэтгэгч компанид өгөх юм. Өнгөрсөн зургадугаар сард 610 сая төгрөгийг нь шийдэж өгсөн бол ирэх оны хотын төсвөөс үлдсэн нэг тэрбум төгрөгийг суутгаж өгөхөөр тооцжээ.

БЭЛТГЭСЭН: Д.УЛАМБАЯР, Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна