ЭКОСИСТЕМ чуулган үргэлжилж байна

2015 оны 11 сарын 26

Шинжлэх ухаан, технологи, инновацийн ЭКОСИСТЕМ чуулган Төрийн ордонд өнөөдөр эхэлсэн. Энэхүү чуулганыг БСШУ-ны яам, харьяа агентлагууд, МУИС, ХААИС хамтран зохион байгуулж, дотоодын 1000, гадны 20 төлөөлөгч оролцож, туршлага солилцож байгаа юм. Чуулган хоёр өдөр үргэлжилнэ.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр дэлхийд топ 100 компани оюуны өмчийн үнэлгээнд суурилсан инновацийн чиг хандлага, технологийн манлайллыг тодорхойлж байна. 2015 оны байдлаар Их 20-ийн орнуудын патентын идэвхижлийн судалгаанаас үзвэл нийт 12 цөм технологиос компьютер ба дагалдах төхөөрөмж, цахилгаан холбоо, машин автоматжуулалт, хагас дамжуулагч, эм, эмнэлгийн төхөрөөмжийн технологийн зах зээлийн идэвхжил нь харьцангуй өндөр түвшинд байна.

Энэхүү чуулганы үргэлжлэл, үр дүн болж Шинжлэх ухааны парк байгуулагдснаар төр, шинжлэх ухаан, бизнесийн ашиг сонирхол уулзаж, судалгааны үр дүн хэрэглээ, бүтээгдэхүүн болж хамтран ажиллах, гадаадын шилдэг технологийн компаниуд орж ирэх үүд хаалга нээгдэнэ” гэсэн юм.

БСШУЯ-ны Өндөр технологи, инновацийн газрын дарга Л.Лувсанжамц илтгэлдээ “Шинжлэх ухаан ба технологи нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр нийгэмд нөлөөлж байгаа ба инноваци нь үйлдвэрлэл болон бүтээмжийн өсөлтийн үндэс гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөөд байна. Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарыг түшиж ирсэн бөгөөд одоо өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх цаг ирээд байна. Шинжлэх ухааны парк нь инновацийн үр ашигтай дэд бүтэц төдийгүй эдийн засгийн хөгжлийн чухал концепцийн нэг юм. Шинжлэх ухааны парк нь энрепренёр үйл ажиллагааг хөгжүүлэх, дэвшилтэд технологи дээр суурилсан инновацийн компанийг бий болгох, мэдлэгт суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг хэгжүүлэхэд шаардлагатай орчин бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайн улсын инновацийн үйл ажиллагаа нь эдгээр инновацийн элемент болох оролцогчид мэдлэг бий болгоход хэр зэрэг хамтран ажилладаг, түүнчлэн технологийг хэрхэн ашигладгаас ихээхэн хамаардаг. Монгол Улсад одоогоор өсөлт, хөгжлийг тогтвортой байлгахад шаардлагатай мэдлэг ба технологийг бий болгох чадавхи сул байна. Хэрэгтэй мэдлэг болон технологийг хөгжингүй орнуудтай судалгаа ба инновацийн чиглэлээр хамтран ажиллах замаар бий болгон хөгжүүлэх боломжтой” гэсэн юм.

Шинжлэх Ухааны Технологийн Агентлагийн ерөнхийлөгчийн зөвлөх  Масуо Айзава илтгэлдээ “19-20 дугаар зуунд шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хувьсгалаар удирдуулсан эрчимтэй өсөлт хөгжлийн замыг бид туулсан юм. Энэ хувьсгалын голлон тоглогчид нь дэлхийн бөмбөрцөгийн баруун хагаст байлаа. Хөгжин дэвжих, тогтвортой ирээдүйд  чиглүүлэгч болох шинжлэх ухаан, технологи, инновацийн их шилжилтийн үед та бид одоо гэхэд тал хагасаас давж гэсэн таамаглал байна. Иймд “Бид хэрхэн үүнийг хийх вэ?” гэсэн асуулт гарч ирлээ. Хөгжин дэвжих, тогтвортой байдалд заналхийлж буй аюулыг сөрж, шинжлэх ухаан, технологи, инновацийг нэн даруй хүчирхэгжүүлэх шаардлага Азид тулгарч байна. Судалгаа, хөгжлийн хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, технологийн судалгааны дүнгээр дэлхийд Ази давамгайлж байгаа нь тодорхой юм. Яг одоо энэ их шилжилтийн үед шинжлэх ухаан технологи инновацийн стратегийг тодорхойлж бэхжүүлэх цаг үе юм. Япон улс нь Үндэсний шинжлэх ухаан технологи инновацийн системтэй бөгөөд үйл ажиллагаанд нь Засгийн газрын шинжлэх ухаан, технологи, инновацийн зөвлөл хяналт тавьж ажилладаг. Их шилжилтийн үед дисраптив инноваци нь өсөлттэй инновациас хамаагүй илүү хүчтэй байна. Улс орнуудад тулгамдаж буй сорилтыг даван туулахад JICA нь инновацийн олон улсын түншлэлийн хөтөлбөр дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна” гэсэн юм.   

Энэхүү чуулганаас олон улсын мэргэшсэн зөвлөхүүд болон эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг Монгол Улсын шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчидтай хамтран хэлэлцэж Монгол Улсын шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжийг тодорхойлон зөвлөмж гаргана.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна