Халаалтын доголдол “УБДШС” компанид хамааралгүй

2015 оны 11 сарын 26

Хотын зарим орон сууцын дулаан доголдож, халаалт муудсан тухай дуудлага “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” компанид их ирэх болжээ. Иргэдийн гомдлын дагуу инженерүүд тухайн орон сууц, конторуудын дулааны шугамыг очиж шалгахад, дулаан алдагдал их байснаас биш дулааны сүлжээ, шугамуудтай холбоогүй байсан тухай тайлбарыг “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ТӨХК өнөөдөр хийлээ. Тэд хорооллоороо халаалтгүй болбол “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн сүлжээнд гэмтэл гарсан гэсэн үг. Харин халаалт хэсэгчлэн алдагдвал байрны дотоод тохиргооны асуудал учир СӨХ, Орон сууцын контор, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөнд хандах хэрэгтэй гэдгийг санууллаа. Учир нь, дээрх байгууллагууд жигдрэлтийн тохируулга хийхийн тулд иргэдийн дулаанд төлсөн мөнгөнөөс 30-аад хувийг нь авдаг байна.

Иргэдээс ирэх санал гомдлын тухайд “тоотын гомдол” буюу орон сууц хэсэгчлэн халахгүй байна гэсэн мэдээлэл түлхүү байсан. Энэ нь тухайн айл, өрх цонх, хаалгаар дулаан их алдаж байгаагийн илрэл гэж Л.Баяраа инженер тайлбарлалаа. Гэнэт цаг агаар хүйтэрсэнээс болж I, III, IV, X, XIII, XV хорооллын хуучны орон сууцууд дулаан их алдах болжээ. Мөн 100 ба түүнээс дээш метрийн өндөрт баригдсан орон сууцыг дулаанаар хангахад хүндрэлтэй байдаг. Гэвч барилгын компаниуд цахилгаанаар шийднэ хэмээн барилгаа дуусгадаг. Энэ асуудлаас болж иргэд хохирч эхэлсэн гэж “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ТӨХК-аас мэдэгдлээ.

Гадна агаарын хэмтэй уялдуулж станцууд сүлжээний усны температураа тохируулж эхэлсэн байна. Мөн өнгөрсөн хугацаанд төв шугам дээр ноцтой гэмтэл гараагүй. Өөрөөр хэлбэл, халаалтын доголдол бол тухайн орон сууцын дотор халаалтын системийн бөглөрөл, дотор систем хуучирч муудсан угаалга хийгдээгүй, орцын хаалга, цонх дутуу хаагдсан, дулаалга хийгээгүй зэрэгтэй холбоотой байдаг гэнэ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна