Хотын иргэд газраа барьцаалж, зээл авдаг болно

2015 оны 11 сарын 26

Өнгөрсөн Даваа гаригт нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаанаар 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх байсан. Гэтэл МАН-ын бүлэг “төсвийн гүйцэтгэлийг хянах шаардлагатай” гэж үзэн, ажлын гурав хоногийн завсарлага авсан. МАН-ын бүлгийн завсарлагын хугацаа өнөөдөр дуусаж, НИТХ сүүлийн хоёр жилийн төсвийн гүйцэтгэл, тодотголоо хэлэлцлээ. УИХ 2015 оны төсвийн тодотголыг өнгөрсөн сарын 30-ны өдөр хийж, баталсан.

Төсвийн тодотгол хийгдсэнтэй холбоотойгоор нийслэлийн төсөвт дараах өөрчлөлтүүд орж байна. Тухайлбал, 2015 онд нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 48.8 сая төгрөгөөр нэмэгдүүлж 24 тэрбум байхаар, улсын тусгай шилжүүлгээр санхүүжих нийслэлийн боловсрол эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, газрын харилцааны салбарын санхүүжилтийг нэг тэрбум төгрөгөөр бууруулж 275 тэрбум төгрөгөөр тус тус баталсан байна. Сүүлийн хоёр жилд уул уурхайн салбар дахь төслүүд зогссоноос олон хүн ажилгүй болсон. Иймээс хот өнгө үзэмждээ анхаарч, тохижилт үйлчилгээ, дахин төлөвлөлтийн салбар дахь ажилтны тоог нэмэгдүүлж, иргэдийг ажлын байраар хангасан. Гэхдээ нийслэлийн ажилгүйдлийг зогсооч чадаагүй, сааруулсан гэж хотын дарга мэдэгдлээ. Ирэх онд хот иргэдэд газраа барьцаалж, зээл авах боломжоор хангана. Иргэд тухайн зээлээ төлөхийн тулд ажлын байртай байх ёстой. Иргэдээ ажилтай байлгахын тулд хот төсвөө тэлж, тэдний ажлын байрыг хангах нь чухал гэсэн байр суурийг НИТХ дахь АН-ын бүлгийнхэн илэрхийллээ.

УИХ-аас нийслэлийн төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр бууруулж 563 тэрбум байхаар тооцсон. Үүн дээр хувьчлалын ажил, газрын дуудлага худалдаа зэргээс орж ирэх орлого хойшилж нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө 124 тэрбум төгрөгөөр тасарсан байх юм. НИТХ дахь МАН-ын бүлэг төсвийн тасалдлыг үргүй зардалтай холбон тайлбарлалаа. Харин хотын дарга улс орны эдийн засаг хямарч, жижиг дунд үйлдвэрлэлийнхэн хүнд байдалд орсон. Аж, ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн борлуулалтгүй болж,  татвараа төлж чадахгүйд хүрсэн. Нөгөө талдаа хүн амын орлогын албан татвар ингэж тасарсан нь энэ оны  нийслэлийн төсөв тасалдахад нөлөөлсөн гэсэн тайлбар хийлээ. Шударга ёс, эвслийн бүлгийн зүгээс ажлын байрыг хадгалах нь зөв. Гэхдээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжээ дэмжих асуудлыг умартаж болохгүй гэсэн саналыг дэвшүүлсэн юм.  

2008-2012 оны үед буюу МАН хотын засгийг удирдаж байх хугацаанд захиргааны ажилтны тоог 3200 хүнээр нэмэгдүүлсэн. Үүний дэргэд одоогийн хотын даргын бүтэц, жинхэнэ хотын тохижилт, иргэдээ бодсон шийдвэр гэж хэлэх төлөөлөгчид байлаа. Ийнхүү талууд маргалдсаны эцэст 17.00 цагийн орчимд Иргэдийн хурлын төлөөлөгч, хотын удирдлагууд 2015 оны төсвийн тодотголдоо ямар ч өөрчлөлт оруулалгүйгээр, анхны хувилбараараа баталсан байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Д.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна