АН, ИЗНН хоёр нэгдэх үү?

2015 оны 11 сарын 27

Эрх баригч хүчин сонгуулийн бэлтгэлээ базааж эхлэв бололтой Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн зөвлөлдөх уулзалт уржигдар болох үеэр 2016 оны УИХ-ын сонгуульд ИЗНН-тай эвсэж орох асуудал хөндөгдсөн байна.

Эх сурвалжийн мэдээгээр одоогоор энэ асуудал ярианы төвшинд байна гэж буй ч хоёр нам нэгдсэн нөхцөлд төлөөллийн хэдэн хувь удирдах албан тушаалд ажиллах вэ, ирэх сонгуульд хэдэн нэр дэвшигчээ өрсөлдүүлэх вэ зэрэг нарийн асуудлаа зөвшилцөж нэгдсэн шийдэлд хүрэх аж. Тиймээс талууд ойрмогхон энэ асуудлаар нухацтай ярилцах тухай чимээ чих дэлсэж байна.

ИЗНН нь либериал үзэл баримтлалтай гэдэг ч үндсэндээ Ардчилсан намын дэвшүүлж ирсэн бодлого, чиглэлтэй санаа нэг байж, нэгдэж, эвсэж явсан түүхтэй.

Тиймдээ ч эрх баригч хүчин сонгуульд ялалт байгуулж олонхи болох бүрийд ИЗНН-ыг Засгийн газарт багтааж хамтарч ажиллаж ирсэн. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам олонхи болж, парламентад суудалтай намуудтай эвсэх хэлэлцээр хийхдээ хамгийн тэргүүнд ИЗНН-д урилга илгээж байсан. Улмаар ИЗНН Их хурлаа хийж, Ардчилсан намын урилгыг хүлээн авах шийдвэр гаргаснаар Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд төлөөллөө багтаасан. Ингэснээр УИХ-ын гишүүн С.Оюун Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар 2 жил гаруйн хугацаанд ажилласан түүхтэй.

УИХ-аас Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсны дараа Шийдлийн Засгийн газар байгуулагдахад ИЗНН мөн л хамтрагч нь болж, үлдсэн бол МАН-ын сайд нар чөлөөлөгдөж төрхөмдөө буцахад ИЗНН эрх баригч хүчний хамтрагч хэвээр үлдсэн юм.

Дөрөв дэх жилрүүгээ орж буй Засгийн газарт хамтарсан түүх ирэх сонгуульд хоёр намыг хүчээ зузаатган зүтгэх гүүр болж мэдэх нь.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна