Ойрхи Дорнодыг бужигнуулагч Башар Ассад гэж хэн бэ?

2015 оны 11 сарын 27

­­­­­

 

 

Сирийн хүн амын багагүй хувь нь эсэргүүцэн, бослого гаргасаар байгаа хэдий ч ерөнхийлөгч Башар Ассад суудалдаа дөрвөн жил гаруй тогтож байгаад гайхаж, ажигласан хүн олон байна.

 

2011 оны гуравдугаар сард өрнөсөн Араб хавар хувьсгалын давалгаанд  өртөж, огцорсон Тунис, Египетийн  удирдагч нараас ялгаатай нь Башар Ассад босогчдыг хүлцэн дуугүй суухын оронд өөрийг нь эсэргүүцэгчдийг дарах тушаал буулгаж,  тэдний шаардлагыг хүлээж авахаас эрс татгалзсан юм.

 

Гэсэн хэдий ч Сирийн аюулаас хамгаалах хүчин босогчдыг хайр найргүй дарах арга хэмжээ авсан хэдий ч эсэргүүцлийн хөдөлгөөн нь эцэстээ зэвсэгт сөргөлдөөн болж хувирсан билээ. Сөргөлдөөний улмаас Сирид 250,000 гаруй хүн амиа алдсан гэж НҮБ мэдээлсэн байна.  Башар Ассадад үнэнч Сирийн аюулаас хамгаалах хүчин болон түүний засаглалыг эсэргүүцсэн босогчдын хоорондох тэмцэлд хамгийн ихээр нэрвэгдэж туйлдсан нь энгийн номхон иргэд. Мөн Исламын улс бүлгийн жихадын милитаристуудын халдлагаас дайжин эх орноо орхисон дүрвэгсдийн тоо 11 саяд хүрээд байна.

 

Сирийн дотоод дахь зөрчил сөргөлдөөн туйлдаа хүрч, бүс нутгийн болон дэлхийн бусад улс орнуудыг ч татан оролцуулаад байгаа билээ. Иран, ОХУ Алавитаар /Шийтийн нэгэн салаа урсгал/ толгойлуулсан Сирийн засгийн газрыг цэрэг зэвсэг, санхүүгээр дэмжих болсон. Харин Шийтийн эсрэг зогссон Суннитын босогчдыг  Персийн булангийн Араб орнууд, Турк болон барууны орнууд дэмждэг нь тодорхой болсон юм.

 

Сөргөлдөж буй талууд зөвхөн улс төрийн зөвшилцөл хямралыг дарна гэж ярьдаг ч гал зогсоох, хэлэлцээ байгуулах олон арван чармайлтууд талаар болж  байгаа билээ.

 

Дунд хүү

 

Башар Ассад 1965 оны есдүгээр сарын 11-нд төрсөн юм. Түүнийг улс орны хувь заяаг атгах хүн гэж хэн ч төсөөлөөгүй. Ерөнхийлөгч Хафез Ассадын дунд хүүгийн хувьд Башар Ассад өөрийн замыг хөөх эрхтэй байлаа. Башар Ассад Дамаскд дунд сургууль төгсч, 14 настайдаа Залуучуудын  Баат Хөдөлгөөнд элссэн юм.

 

 

Тэрбээр 1988 онд Дамаскийн Их Сургуулийн Анагаах ухааны коллежийг төгсч, мэргэжлээр дагнахаар шийдсэн байв.  1988-1992 оны хооронд Тишрин цэргийн эмнэлэгт нүдний эмчээр мэргэшин, удалгүй Лондон руу судалгааны ажил хийхээр явжээ.  Гэвч 1994 онд түүний ах Басил авто машины ослоор нас барсны дараа Башар Ассадыг Их Британиас дуудан аваачиж,  залгамжлагчаар нэрлэсэн билээ.  Ассад удалгүй Хомс хот дахь цэргийн академид суралцан армийн хурандаа болтлоо дэвшчээ.

 

Эцгийнхээ амьдралын сүүлийн жилүүдэд Ассад Сирийн компьютерийн сүлжээний ерөнхийлөгч болохоор интернэтийн шинэчлэлийн зөвлөхөөр ажиллаж байв.  Мөн тэрбээр дотоодын хээл хахуультай тэмцэх газрыг удирдаж байсан юм.

 

Реформын жилүүд

 

20-оод жил Сирийн засгийн эрхийг барьсан  эцгээ нас барсны дараа 2000 онд Башар Ассадын замыг засч Аюулаас хамгаалах хүчин, арми,  Баат нам болон Алавитын язгууртнууд  Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулан 34 настай Ассадыг ерөнхийлөгч болохыг зөвшөөрсөн.

 

Тэр үед Башар Ассад маршал цол дэвшин, Зэвсэгт хүчин, Баат намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилсон юм. Ингэж  2000 оны бүх нийтийн санал асуулга явуулж, 97 хувийн саналаар ерөнхийлөгчөөр сонгосон ажээ.

 

 

Тангараг өргөх ёслолын үеэр Ассад эдийн засгаа сайжруулж, авилгатай тэмцэн, өргөн хүрээтэй реформ явуулахаа амлаж байв. Төд удалгүй улс төрийн хэдэн зуун хоригдлыг суллан,  30 жилийн хугацаанд анх удаа бие даасан чөлөөт сонин хэвлэлийг зөвшөөрсөн юм.

 

Тэр бүү хэл сэхээтнүүдэд улс төрийн нийтийн уулзалт зохион байгуулах, мэдэгдэл гаргахыг зөвшөөрч байв. Гэвч Дамаскийн тэр хавар удаан үргэлжлээгүй билээ.

 

Гэвч 2001 оны эхээр сэхээтнүүдийн уулзалтыг хориглож, сөрөг хүчний лидерүүдийг баривчилж эхэлсэн. Хэвлэлийн эрх чөлөөг ч мөн дахин хориглосон билээ. Түүнээс хойшхи арав гаруй жилд  Сири онц байдалд байгаа бөгөөд Аюулаас хамгаалахын ажилтнууд хүмүүсийг баривчлан саатуулах ямар ч зөвшөөрөлгүйгээр барьж, удаан хугацаагаар хорьж,  Мөн Исламистууд болон Курдын тэмцэгчдэд олон жилийн хорих ял шууд өгөх болсон билээ.

 

Олон шинжээчид  Башар Ассадын явуулсан реформд  түүний эцэгт үнэнч үлдсэн хуучин хүмүүс гар  оролцсон гэж таамагладаг.

 

2007 онд Ассад хоёр дахь удаагаа бүх нийтийн санал асуулгад тэргүүлж, 97 хувийн саналаар улиран сонгогдож долоон жил засгаа тэргүүлэхээр болсон юм.

 

Дипломат харилцаа

 

Гадаад харилцаанд Башар Ассад эцгийнхээ баримталж байсан бодлогыг үргэлжлүүлсэн. Сирийн гадаад харилцааны гол баримтлал бол эзлэгдсэн газар нутгаа бүрэн бүтэн буцааж аваагүй цагт ямар ч энхтайван тогтохгүй. Тиймээс Израйлийн сөргөлдөгч талуудад цаашид дэмжлэг үзүүлсээр байх болно гэсэн юм.

 

 

Сири АНУ-тай сөргөлдөж эхэлсэн нь бүр 2003 оноос эхлэлтэй.  Ирак руу довтолсон АНУ-ын ажиллагааг Башар Ассад эсэргүүцсэн болон Иракийн бослого гаргагчдыг Сирийн засгийн газар нууцаар дэмжиж байсан нь Вашингтоны дургүйг хүргэсэн билээ. Үүний дараа 2005 онд Леваны ерөнхий сайд асан Рафик Харириг хөнөөсөн аллага хоёр орны харилцааг улам хурцатгасан юм.

 

Аллагын нотолгоо болсон хурууны хээ Сирийн Аюулаас хамгаалахын ажилтан,  Башар Ассадын ойрын хүрээлэлийн хүнийх байсан нь энэ хэргийн цаана Башар Ассад байсан гэх хардлагыг төрүүлсэн. Башар Ассад энэ хэрэгт холбогдолгүй хэмээн олон удаа мэдэгдсэн ч олон улсын хурцадмал нөхцөл байдлын улмаас Сири 29 жилийн дараа Леванаас цэргээ гаргасан билээ.

 

Гадаад хуйвалдаан

 

2011 оны гуравдугаар сард Сирийн Дераа хотод засгийн газраа эсэргүүцсэн хөдөлгөөн гарахад Башар Ассад барьц алдаж, ямар хариу өгөхөө мэдэхгүй байсан ч босогчдыг дарахаар шийдсэн юм.

 

 

Бослого гарснаас хойш хоёр долоо хоногийн дараа Башар Ассад мэдэгдэлдээ Сирийг дотроос нь хагалан бутаргах сонирхолтой гадаадын хуйвалдаан тус улсын үндэсний эв нэгдэл, тогтвортой байдалпд аюул заналхийлж байна гэсэн байдаг.

 

Дөрөвдүгээр сард нь Башар Ассад кабинетаа тарааж 1963 оноос хойш хүчин төгөлдөр байсан Онц байдлын тухай хуулинд хориг тавьсан юм. Хуулиар Аюулаас хамгаалах хүчин шүүхээс ял оноогоогүй байхад хүмүүсийг барьж, эрүүдэх эрхтэй байжээ. Гэвч үүнээс хэдхэн хоногийн дараа босогчдыг дарах ажиллагаа эрчимжиж,  хот, суурингууд руу зэвсэгт гэмт бүлэглэлийг дарах танктай цэргүүдийг илгээх ажилагаа хэдэн сарын турш үргэлжилсэн билээ.

 

Ерөнхийлөгч Башар Ассад тухайн үед реформын талаар үндэсний хэлэлцүүлэг явуулахаа амласан ч бослого хаа сайгүй гарч байв. Босогчид зэвсэг авч, өөрсдийгөө хамгаалан,  Башар Ассадад үнэнч Аюулаас хамгаалахын ажилтнуудыг эрж хайн, устгаж эхэлсэн байна.

 

Башар Ассад хожим засгийн газрыг эсэргүүцсэн босогчдыг хайр найргүй дарах тушаал хэзээ ч өгөөгүй хэмээн өөрийгөө өмөөрч,  “Галзуу хүн л өөрсдийнхөө алах тушаал өгөх байх” гэсэн юм. Харин 2012 онд Башар Ассад терроризмыг төмөр нударгаар арчиж хаяна хэмээсэн юм.

 

2012 оны хоёрдугаар сард Башар Ассад шинэ Үндсэн хуулиар олон нийтийн санал асуулга явуулсан байдаг.  Шинэ Үндсэн хуулиар Баат нам Сирийн төр, нийгмийн удирдан чиглүүлэгч байна гэсэн заалтыг  үгүй болгож,  шинэ намууд байгуулахыг зөвшөөрсөн.  Санал асуулгаар шинэ Үндсэн хуулийг иргэдийн 90 хувийн саналаар зөвшөөрсөн хэмээн мэдэгдсэн ч сөрөг хүчин үүнийг ичгүүртэй луйвар гэсэн байдаг.

 

 

2012 оны эцсээр Сирийн дотоодын сөргөлдөөнд амиа алдсан хүмүүсийн тоо 60,000 хол давсан тоо гарч, НҮБ-ын тусгай элч Лакдар Брахими Башар Ассадад энхийн хэлэлцээ хийхийг санал болгосон юм.

 

Гэвч Башар Ассад санал хүлээж аваагүй бөгөөд "Барууны утсан хүүхэлдэй, Бурхны дайснуудтай хэзээ ч тохиролцохгүй" гэсэн билээ.

 

2014 оны тавдугаар сард Башар Ассадын арми босогчдод эзлэгдээд байсан Хомс хотыг эргүүлэн авч, сарын дараа Засгийн газрын мэдлийн нутаг дэвсгэрт гурав дахь санал асуулга явуулж, 88.7 хувийн саналаар улиран сонгогдсон.

 

 

2015 оны хавар Сирийн нутаг дэвсгэр өмнөд болон хойд талаасаа шинээр байгуулагдсан босогчдын жижиг бүлгүүд мөн зүүн талаасаа Исламын улс бүлгийн халдлагад өртөж Аюулаас хамгаалах хүчин бүрэн туйлдсан юм.

 

Харин өнгөрсөн тавдугаар сард Саудын Араб, Катар, Туркээс дэмжлэг авч хүчирхэгжсэн босогчдын өөдөөс Башар Ассадын цэргүүд цаашид эсэргүүцэх чадваргүй болсныг хүлээн зөвшөөрсөн. Сирийн нөхцөл байдал хүнд болж, босогчдын хүч улам нэмэгдэх тэр үед ОХУ 2015 есдүгээр сард Башар Ассадын дайснууд, Исламын улс бүлгийн алан хядагчдын эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлж, босогчдын байрласан газрыг агаараас бөмбөгдсөн.

 

Үүний дараа Башар Ассад бослого дэгдсэнээс хойш анх удаа гадаадад айлчлахаар Москвад очиж, В.Путинд талархал илэрхийлсэн билээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна