“Miss Earth”: А.Баярцэцэг амжилттай оролцож байна

2015 оны 11 сарын 27

Австрийн нийслэл Вена хотноо “Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээний шалгаруулалт үргэлжлэн явагдаж байна. Энэхүү тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилийн байгаль орчин, экологийн болон дэлхийн нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болон ажиллах юм.

Ирэх сарын 5-ны өдөр өндөрлөх “Эх дэлхийн мисс-2015”-д дэлхийн 95 орны гоо бүсгүй өрсөлдөж байгаа билээ. Тэдэн дунд эх орноо төлөөлөн мисс А.Баярцэцэг амжилттай оролцож байна.

Финалын шатны шалгаруулалтын өмнө болдог арга хэмжээ болон шалгаруулалт эдгээр өдрүүдэд явагдаж байна. Мисс А.Баярцэцэг одоогоор үдшийн гоёлын даашинзны төрөлд тэргүүн байрыг эзэлсэн бол Монгол бичиг калиграфи, үндэсний этник бүжгийг хослуулан авьяасын үзүүлбэрт шилдэг 12-т багтсан. Мөн тэрээр Ази тивийн гоо бүсгүйчүүдээ төлөөлөн НҮБ-ын индэр дээрээс Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой сэдвээр илтгэлийг тавилаа. Түүний гоёлын даашинзыг дизайнер Отгонжаргал урласан бол бүжгийн хувцсыг “Говь” ХХК урлажээ. Мөн үндэсний этник бүжгийг бүжиг дэглээч Цэцэгээ дэглэсэн байна.

“Эх дэлхийн мисс-2015” тэмцээний шилдэг 16-д үлдэх шалгаруулалтын хувьд шилдэг Эко видео болон Фото гэсэн хоёр төрөлд шалгаруулалтыг хийж байгаа билээ. Одоогоор мисс А.Баярцэцэг видео танилцуулгын төрөлд өрсөлдөгчөөсөө даруй 100 мянга гаруй саналаар тэргүүлж яваа бол фото шалгаруулалтад ч эхний байрт бичигдсэн хэвээр байна.    

“Miss photo” шалгаруулалтад А.Баярцэцэгт саналаа өгөхийн тулд www.missearth.tv/vote-photogenic.php холбоосоор орж дэмжээрэй. Шалгаруулалтад лайкийн тоо тооцогдохгүй бөгөөд зөвхөн фэйсбүүк, твиттерт шэйрлэгдсэнээр санал тооцогдох юм. 100 мянга гаруй хандалтыг аваад байгаа А.Баярцэцэгийн видео танилцуулгыг та бүхэн идэвхтэй түгээгээрэй.

#‎MissEarthMongolia2015‬

#‎MissEarth‬‬‬‬‬

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна