АН-ын бүлгийн дарга ууртай байна

2015 оны 11 сарын 27

Хөгжлийн банк тойрсон шуугиан улс төрийн хоёр том хүчний дунд дажин үүсгээд байна. Эл асуудлыг уржигдар УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэх байсан ч хойшлогдсон. Хойшилсон шалтгааныг сөрөг хүчин эрх баригч хүчинтэй холбосон ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар үгүйсгэж байгаа юм. Тэрээр “Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн  оруулж ирсэн материал нь дутуу, гишүүд нь гарын үсгээ бүрэн зурж баталгаажуулаагүй нь ажлын хэсэгт багтсан гишүүд нэгдсэн ойлголтод хүрээгүйн илрэл. Мөн ажлын хэсгийн ахлагч ажлын хэсгээ бүрэн бүрэлдэхүүнээр нь хуралдуулж чадалгүй өнөөг хүрсэн. Ардчилсан нам ирцээ бүрдүүл гэчхээд өөрсдөө хуралдах сонирхол байдаггүй. Сонгууль эхэлсэн юм байна. МАН-ынхан 2016 оны сонгуульд ялчихлаа гэж төсөөлөөд байх шиг. Ардчилсан нам засаг барьж чадахгүй, муу муухай гэдэг. 90 гаруй жилд Ардын нам шиг төрд оролцоотой нам байгаагүй. Гэтэл бид бол бурхан шиг гэж тайлбарлаад та нар үр дүнд хүрнэ гэж бодож байна уу. Хүрэхгүй” хэмээн бухимдлаа илэрхийлээд байна.

Ийм байр суурь барьж буй нь ч бас зөв бололтой. Учир нь Чингис, Самурай бондоос санхүүжилт авч, компаниудынхаа ажлыг явуулсан түшээд бондын зарцуулалтыг хянах ажлын хэсэгт багтсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгээд буй.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Гарамгайбаатар нарын 10 гишүүн багтсан байдаг.

Тэдгээрээс Л.Энх-Амгалан, Б.Гарамгайбаатар нарын хувьцаа эзэмшдэг компаниуд Чингис бондоос санхүүжилт аван тодорхой ажлууд хийсэн байдаг. Ийм учраас Б.Гарамгайбаатар гишүүн ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзээд энэ асуудлаа учирлаж, ажлын хэсгийн хуралдаанд оролцоогүй байдаг бол Л.Энх-Амгалан гишүүн ажлын хэсгийн ахлагчаасаа ч татгалзаагүй нь Ардчилсан намын бүлгийн даргын уурыг ийн барсан бололтой.

Д.БОРХҮҮ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна