Албан бус дүгнэлтээр Ардын намынхан Хөгжлийн банкийг улстөржүүлэв

2015 оны 11 сарын 27

Хөгжлийн банкийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гарлаа, 27 тэрбумаар гурван км зам барьжээ, тооцоо судалгаагүйгээр төслүүдийг санхүүжүүлсэн байна, Үндэсний аудитын газар зөрүүтэй тайлангууд гаргасан, Сангийн яамны шалгалтаар Хөгжлийн банкны удирдлага хангалтгүй ажиллаж байсан нь харагдлаа… Энэ бол сүүлийн өдрүүдийн улс төрийн халуун сэдвүүдийн нэг. Л.Энх-Амгалан болон МАН-ын гишүүдийн хэлж байгаа энэ бүхэн үнэн үү, эсвэл УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхээ утгыг мушгин МАН-ын гишүүд улстөржүүлэв үү? Энэ бүхэнд хариулт эрэн сурвалжиллаа.


УИХ-ын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтсийн референт А.Батсайхан:

-УИХ-аас Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг байгуулж, олон зөрчил илрүүлсэн юм уу?

-Уг нь энэ оны нэгдүгээр сард хоёр байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулахдаа Чингис бондын зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдалтай танилцаж санал, дүгнэлт гаргах даалгавар өгсөн. Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулж, УИХ-ын 10 гишүүний бүрэлдэхүүнтэй үндсэн ажлын хэсэг, мөн дэргэд нь Сангийн яам, Үндэсний аудитын газар, Хөгжлийн банк болон манай хэлтсийн төлөөллөөс бүрдсэн мэргэжлийн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг байгуулсан.Хөгжлийн банк, өөр ямар нэг байгууллагыг шалгах зорилготой байгуулаагүй.Одоогоор ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байна.

-Нэгдүгээр сард байгуулсан ажлын хэсэг яагаад одоог хүртэл дүгнэлтээ эцэслэхгүй удаад байгаа юм бэ?

-Хяналт үнэлгээний хэлтэс дэд ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас их хэмжээний мэдээлэл материал хүлээн авч, нэгдсэн байдлаар боловсруулж, ажлын хэсэгт танилцуулсан боловч ажлын хэсгийн зарим гишүүн “хэт мөлгөр байна” гээд хүлээж аваагүй. Тэр гишүүд өөрсдийн бичсэн дүгнэлтийн төслийг байнгын хороонд тараасан байна.


Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа:

-УИХ-аас байгуулсан ажлын хэсгээс Үндэсний аудитын газар Хөгжлийн банкны талаар хоорондоо зөрчилтэй хоёр дүгнэлт гаргасан гэж мэдээлээд байна. Үүнд тайлбар өгнө үү?

-Тухайн ажлын хэсгийн дэд ажлын хэсэгт нь манай байгууллага орж ажилласан. Энэ ажлын хэсгийг байгуулагдаж ажиллахаас өмнө Төсвийн байнгын хорооноос баталсан тогтоол, Үндэсний аудитын газрын төлөвлөгөөнийдагуу манай байгууллага Хөгжлийн банкинд гүйцэтгэлийн аудит хийж дүгнэлт гаргачихсан байсан. Шалгалтынхаа дүгнэлт, авсан арга хэмжээгээ тухай бүрт нь байгууллагын сайтад мэдээлээд явсан. Үүнээс өөр давхар аудит, дүгнэлт хийгдээгүй.

Ажлын хэсгээс өгсөн үүргийн дагуу зарим асуудалд шалгалт хийгээд ажлын хэсэгт зориулсан танилцуулгын төслийг хүргүүлсэн. Энэ танилцуулгыг хүргүүлэхдээ хамтад нь өмнө хийгдсэн аудитын тайлангуудаа нэмэлт тодруулга материал болгож хүргүүлсэн. Ажлын хэсгийн танилцуулгын төсөлтэй танилцаад аудитын тайлангаас зөрүүтэй орсон асуудал дээр нь саналаа өгсөн байгаа.  Аудитын тайлантай бүрэн эхээр танилцвал илүү ойлгомжтой болох байх.

-Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан гишүүн аудитын тайлангаар олон зөрчил илэрсэн, тухайлбал тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулж ажил хийлгэсэн нь тогтоогдсон гэж хэлсэн. Үүний талаар ямар тайлбар хэлэх вэ?

-Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан байдаг. Мөн Хөгжлийн банкны тухай хуулийн долдугаар зүйлд Хөгжлийн банкны үйл ажиллагааг юу болохыг тодорхой заасан байгаа. Хөгжлийн банк энэ заалтуудаар тодорхойлогдсон үйл ажиллагааг эрхлэхэд худалдан авах ажиллагааны тухай хуулийг дагаж мөрдөхгүй байх хууль эрх зүйн зохицуулалттай учир хууль зөрчсөн гэж аудит дүгнээгүй.


Сангийн сайдын ахлах зөвлөх С.Пүрэв:

-Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн зарим гишүүн Сангийн яамны шалгалтаар Хөгжлийн банкинд их хэмжээний зөрчил гарсан гэж мэдэгдээд байна. Хөгжлийн банкийг Сангийн яамнаас бас шалгаж байгаа юм уу?

-Ж.Эрдэнэбат сайд тушаал гаргаж, тухайн үеийн Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Тэр ажлын хэсэг нь тодорхой ажил хийсэн л байх. Гэхдээ ажлын хэсгийг байгуулсан удирдамжийн дагуу ажлаа тайлагнаж, хянуулж, баталгаажуулаагүй.

Төрийн ажил явуулдаг ёс журам байдаг. УИХ-ын байнгын хороон дээр тараасан Сангийн яамны дүгнэлт гээд байгаа тэр материалыг яамнаас баталгаажуулаад албан ёсоор хүргүүлсэн бол холбогдох удирдлагууд нь хянаад, гарын үсэг зураад албан ёсоор хүргүүлэх ёстой. Энэ ажил нь хийгдээгүй болохоор боловсруулалтын явц дахь материал л УИХ-ын гишүүдэд очсон болов уу гэж таамаглаж байна.

-Албажаагүй яаман дээрээ ч хэлэлцээгүй ийм дүгнэлтийг Сангийн яамны дүгнэлт гээд УИХ-ын гишүүд танилцуулсан гэсэн үг үү?

-Сангийн яамны дүгнэлт гэх юм бол эхлээд яаман дээрээ албан ёсоор хэлэлцэж албан ёсоор хүргүүлсэн байх ёстой. Одоогоор албан ёсоор хүргүүлсэн гэсэн баримт харагдахгүй байна. Наад асуудлыг чинь хариуцаж байсан, хийсэн хүн нь халагдаад явчихсан байна. Ном журмаараа бол ажил албаа хүлээлцээд, хийж байснаа тайлагнаад орныхоо хүнд албан ёсоор хүлээлгэх ёстой.

Мэргэжлийн байгууллагууд дээрх байр суурийг илэрхийлж байна. УИХ-ын байнгын хороо ажлын хэсэг байгуулахдаа уг ажлын хэсэгт мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх дэд ажлын хэсгийг байгуулсан. Монгол Улсын ерөнхий аудитор, Сангийн дэд сайд, Сангийн яамны газрын дарга, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын газрын захирал, УИХ-ын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтсийнхэн зэргийг багтаасан дэд ажлын хэсэг бол УИХ-ын гишүүдэд дүгнэлт өгөхөд нь туслалцаа үзүүлэх мэргэшсэн хүмүүс. Хяналт шалгалтыг ямар хүрээнд хийх юм, яаж зохион байгуулах юм, ямар дарааллаар явах юм, ямар баримтыг яг албан ёсны гэх юм гээд нарийн ширийнийг эдгээр хүмүүс л зөвөлнө гэсэн үг. Харин ажлын хэсгийнхэн өдгөө хэвлэлээр цацаад байгаа дүгнэлтээ гаргахдаа дэд ажлын хэсгийнхний үгийг ойшоогоогүй ажээ. Тухайлбал, Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтсээс ирүүлсэн дүгнэлтийг хэт мөлгөр байна хэмээгээд өөрсдөө дүгнэлт гаргажээ. Энэ гаргасан дүгнэлт нь албажаагүй, ажлын хэсгийн гишүүдийн талаас илүү хувь нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй байхад л Л.Энх-Амгалан гишүүн ингэж албан ёсны мэтээр тараагаад байгаа аж. Ажлын хэсэгт арван гишүүн орсон бөгөөд Л.Энх-Амгалан гишүүний дүгнэлтэд Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Г.Уянга нарын гурван гишүүн л гарын үсэг зураад байгаа юм. Бусад зургаан гишүүн нь түүний дүгнэлтийг хүлээж авахаас татгалзжээ.

ЭХ СУРВАЛЖ: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна