Ю.Цэдэнбалыг цагаатгах асуудлыг хэлэлцэж эхэллээ

2015 оны 11 сарын 27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.

Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 30 гаруй гишүүн санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлжээ.

Тогтоолын төсөлд Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг багтааснаас гадна цагаатгах тухай асуудал багтаж буй. Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж эхлээд байна.

Мөн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 70.5 хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Дээрх хуулийн өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний (нар, салхины) тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд, сэлбэг, үйлдвэрлэлийн түүхий эдийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Гишүүд татварыг хөнгөвчлөх хуулийн төсөл санаачлан мэдүүлж байгаа нь төсвийн орлого төвлөрөхөд эмзэг байдал үүсгэж байна. Энэ асуудалд нухацтай хандах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр сэргээгдэх эрчим хүчийг төр бодлогоор дэмжих ёстой хэмээн үзэв. Тэрээр “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчээр хэлэх үгтэй болсон орон. Малчид Монгол орон даяар тархан амьдардаг, сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан. Сэргээгдэх эрчим хүчээр малчдыг хангах ажлыг 1999 оноос төрийн ажил болгосон, 2004-2008 оны хооронд малчдыг нарны гэрэлтэй болгох ажил хийгдсэн. Хуулийн төслийг дэмжиж байна” гэсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна