Германы “хар шуурга” Сирид цохилт өгнө

2015 оны 11 сарын 27

 

“Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сири дэх Францын агаарын цохилтод Герман дэмжлэг үзүүлэхээр болжээ. Францын агаарын цохилтод Германы “Tornado” /хар шуурга/ онгоцоор дэмжлэг үзүүлэх гэнэ. Түүнчлэн Германы талаас Францад тэнгисийн харуулын хөлөг, сансрын хиймэл дагуулын зураг, агаарт шатахуунаар цэнэглэх зэрэг тусламж дэмжлэгийг үзүүлэх аж. Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзах үеэрээ Германы канцлер Ангела Меркель исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд туслах нь “бидний үүрэг” хэмээн мэдэгджээ.

 

Үүний зэрэгцээ Герман улс Иракийн хойд хэсэг дэх цэргийн сургуулилтын ажиллагаанд оролцож, “Исламын улс” бүлэглэлтэй тулалдаж буй курдын хүчнийхнийг дадлагажуулах гэнэ. Мөн Мали улс дахь цэргийн ажиллагаанд Герман 650 цэргээ илгээхээ мэдэгджээ. Малид Францын 1500 цэрэг байрлан үүрэг гүйцэтгэж буй.

 

Парисын халдлагын дараа Франц улс Сирид цохилт өгч эхэлсэн төдийгүй “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд олон улсыг уриалах болсон юм. Франсуа Олланд сүүлийн өдрүүдэд Их Британийн гадаад хэргийн сайд Дэвид Камерон, АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Германы канцлер Ангела Меркель, Италийн ерөнхий сайд Матье Рензи нартай уулзаад байна.

 

“Исламын улс” бүлэглэл гарч ирснээс хойш Сирид АНУ-ын тэргүүлсэн цэргийн эвсэл, Франц болон ОХУ тус, тусдаа агаараас цохилт өгч байна. Хэт даврагчдын эсрэг АНУ-ын тэргүүлсэн цэргийн эвсэл Иракт мөн агаарын цохилт хийж байгаа юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна