Эрдоган уулзах саналыг Путинд тавьжээ

2015 оны 11 сарын 27

Режеп Тайип Эрдоган

Фото: Kayhan Ozer / AP

 

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган  ирэх даваа гаригт Цаг уурын олон улсын бага хурлын хүрээнд Парис хотноо уулзах саналыг Оросын ерөнхийлөгч Владимир Путинд тавьсан тухай “France 24” телевиз мэдээлэв.

 

“Би уулзах хүсэлтээ Оросын төрийн тэргүүнд явуулсан. Харин хариу аваагүй байна” гэж Эрдагон ярьжээ. Харин Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө мэдээлэхдээ, Парисын бага хурлын хүрээнд  Орос, Туркийн ерөнхийлөгч нарын  тусгай уулзалт төлөвлөгдөөгүй гэсэн байна.

 

Арваннэгдүгээр сарын 26-нд Туркийн тэргүүн мэдэгдэхдээ Су-24 онгоцыг сөнөөсний дараа ОХУ-ын ерөнхийлөгч рүү утасдсан. Харин  тэрээр утсаа ч аваагүй, дахин залгаагүй гэж мэдэгдсэн юм. “Хэрэв бид тэр нь Оросын онгоц гэж мэдсэн бол өөрөөр хандах байсан” хэмээн Эрдагон ярьсныг France 24 дамжуулсан байв.

 

G20 саммит дээр Режеп Тайип Эрдоган  “Оросын онгоцнууд Туркин агаарын хилийг зөрчиж байгааг би өөрөө Путинд хэлсэн. Бие даасан тусгаар ямар ч орон  өөрийн агаарын орон зайгаа хамгаалах эрхтэй” гэж нэмэн хэлжээ.

 

Режеп Тайип Эрдоган  пүрэв гаригт  сөнөөгдсөн онгоцны төлөө уучлалт гуйхгүй гэсэн юм. “Аль нэг тал нь уучлалт гуйх хэрэгтэй бол тэр нь бид биш. Агаарын хил зөрчсөн тэд л уучлалт гуйх ёстой. Манай нисгэгчид, зэвсэгт хүчин зөрчлийн эсрэг зогсон өөрийн үүргийг биелүүлсэн. Ийм хэрэг дахин давтагдвал бид бас л ийм маягаар хариу барина” хэмээн тэр хэлсэн байв.

 

Арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Туркийн Гадаад хэргийн сайд  утсаар ярихдаа Су-24 онгоц унасантай холбоотойгоор гашуудал илэрхийлж, диспетчерүүд нь хаанахын онгоц гэдгийг мэдээгүй гэж тайлбар хийсэн” гэлээ. Үүний өмнө Туркийн талаас тайлбар хүлээж байснаа Лавров хэлээд “Туркийн сайд утсаар ярьсан нь яамай даа” гэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна