"Мөнгө хүүлэгчид"

2015 оны 11 сарын 27

Цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хүүнд ажиллаж, бор хоног шар өдрүүдийг өнгөрүүлдэг нь монголчуудын нийтлэг жишиг. Бидний амандаа аялах дуртай,

-Хойд хормойгоо хэсэглэн авч

Урд хормойдоо уужим залгаад

Хоёр идэхгүй, хоосон хонохгүй ээ.... гэх дууны үг амьдралд илүү ойрхон хэвээрээ л байна.

“Сарын есөн хувийн хүү”, “14 хоногийн найман хувийн хүү” гэх мэтчилэн барьцаалан зээлдүүлэх газар буюу бидний хэлж заншсанаар ломбардууд өөр өөрийн дураар хүү, хоногоо зохион, хэрэглэгчдэд сурталчилдаг жишиг тогтоод удаж байна. Эрэлт нь байгаа болохоор энэ төрлийн бизнес ч ашигтай хэвээр.

“Хүү нь өндөр юм”, “Хоног нь бага юм”, “Найдваргүй байж мэдэх газар юм” хэмээн шаналсан ч өнөө маргаашгүй мөнгө хэрэгтэй болсон, яарч сандарсан хүмүүс гялайж, гялтайх зүйлсээ нүд ирмэхийн зуур өнөө ломбардад тавиад “туучихдаг”. Халаас нь нимгэрч, хэдэн бор төгрөг хэрэгтэй болсон иргэд гайгүй нөхцөл л санал болговол найдвартай, үгүй нь хамаагүйгээр үнэт эдлэлээ шууд л тавьж орхидог. Үүнийг өнөө л эдийн засгийн хямрал, санхүүгийн хүнд байдалтай холбон тайлбарлана.

Иргэдийн энэ “шалдаа буусан” хямралын байдлыг ашиглан ломбардууд ч өөрийн дураар хүү, хоногоо тогтоож, ёстой л өөрийн дураар “галзуурна”. Иргэд ч “ломбардууд угаасаа л ийм байдаг” ухааны юм бодно.

Гэтэл захын нэг хууль сөхөөд үзвэл өнөө ломбардуудын иргэдийн дунд “ийм л байдаг” гэж тогтоосон хэм хэмжээ нь зөрчил болж таарна. Хамгийн наад захын жишээг дурдъя.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт:

“Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно” гэж заажээ.

Гэтэл бодит байдал дээр зээлийн хүүгээ ломбардууд өөрийн үзэмжээр тогтоодог. Харин иргэд ломбардуудын тогтоосон хүүг хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрдөг. Ядуугийн зовлон их юм хойно өгөх хүн гэдийж авах хүн бөхөлзөх хууль тэдний хооронд үйлчилнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг  “Анз /бага сага торгож шийтгэхийг хэлнэ/ нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байх ба анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”

“хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.

Тэгвэл бодит байдал дээр ломбардууд 7-30 хоногийн хугацаатайгаар 6-10 хувийн хүүтэй зээл олгодог. Харин тухайн иргэн хугацаандаа мөнгөө төлж, барьцаагаа аваагүй тохиолдолд хоногт 0.5-1 хувийн алдангийг автоматаар тооцдог.

Ломбардууд хууль, журмыг зөрчин өөрийн дураар “аашилдаг” наад захын жишээ энэ. Тэгвэл дахин нэг жишээ дурдъя.

-“Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага MNS 5274-2003 стандарт” гэж бий. Үүнд, “Зээлдүүлэгч нь тухайн үйлчилгээний чиглэлээр сургалтад хамрагдсан, ажлын зохих дадлагатай байна” гэж заажээ. Гэтэл орон сууц, байрны нэг буланд үйл ажиллагаа явуулдаг, жижигхэн газарт байрлах ломбард бүрд мэргэжлийн хүн суудаг бил үү?

-Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ... гэж заасан байна. Ийм хууль байсаар байтал хугацаа нь хэтэрвэл ломбард шууд зарж, борлуулаад өөрсдийн орлого болгодог. Тухайн барьцаалагчид зөрүү мөнгийг нь өгнө гэж гонж.

Тэгвэл ШӨХТГ-т иргэдээс өнгөрсөн онд ломбардуудын үйл ажиллагаатай холбоотой багагүй гомдол иржээ. Энэ гомдолд дурдсанаар ломбардынхан иргэдийн эд хөрөнгө, үнэт зүйлсийг зах зээлийн ханшаас доогуур үнэлдэг. Мөн тэдэнд мэдэгдэхгүйгээр эд, зүйлсийг худалдсан гэх гомдол эзэлсэн байна.

Иргэдийн хувьд “Ломбардууд угаасаа ийм л байдаг” хэмээн хүлээн зөвшөөрч, түүнийг үг дуугүй дагадаг. Гэтэл хууль, дүрмийг сөхөж харвал ломбардуудын наад захын үйлдэл нь зөрчил болж таарч байгаа юм.

Харин үүнийг цэгцлэхээр хуулийн төсөл санаачилж байсан ч өөрсдөд нь төдийлөн ашиггүй болохоор сураг алдарсан. Иймэрхүү л байдалтай ломбардуудад иргэд мөнгөө хүүлүүлж байна. Ер нь манай банк, банк бус байгууллага, ломбардууд шууд өндөр хүү тулгаж, тэр чинээгээрээ ашиг орлого олдог шударга бус тогтолцоо үйлчилсээр удаж буй ч үүнийг цэгцлэх сонирхол лав улстөрчдөд үгүй бололтой.  

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна