“Ю.Цэдэнбал агсныг цагаатгах ёстой, цагаатгах ёсгүй”

2015 оны 11 сарын 27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 30 гаруй гишүүн санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд төсөлд Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг тусгаснаас гадна цагаатгах асуудал ч багтжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Цог: Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг дэмжиж байна. Гол нь цагаатгах гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ бол улстөрждөг асуудал биш, энэний хязгаарыг барихгүй бол аймаг хоорондын хэрүүл, улс төрийн намууд хоорондын хэрүүл, хэлмэгдүүлсэн, хэлмэгдсэн хоёр талын хэрүүл болно. Хэлмэгдэгсдийн 3-4 холбоо байдаг, тэд энэ асуудал руу орж ирэх юм болно. Тэгмээргүй байна. Төрийн тэргүүнийх нь хувьд 100 жилийн ойг тэмдэглэх тухай л яръя.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Монголын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан хүн. Жижиг орны зовлонг үүрээд гарсан хүн. Гэсэн ч сумыг, аймгийг, хотыг бий болгосон хүн. Хамгийн муухай байдлаар харь оронд эндсэн. Та бид зурагтаар харсан. Нулимсаа дуслуулаад сурвалжлагчийг хүртэл Монгол руу дагуулаад явчхаач гэж хэлэх хүртлээ ой санамжаа алдсан л байсан. Орост хороогдсон хүмүүсийн л нэг. Гэндэн Амар, Лосол нарын нэгэн адил. Бид энэ хүнийг эх оронд нь авчирч чадаагүй. Гадаад том орнуудын нөлөөлөл одоо ч байгаа. Үүн дээр нэг их юм ярилгүйгээр цагаатгах асуудлыг шийдээд өгчихвөл яасан юм бэ гэдэг горимын санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Ойг тэмдэглэх нь зүй ёсны асуудал. Дагалдаж орж ирсэн, хэлмэгдүүлэлтийн асуудалтай санал нийлэхгүй. Энэ хүнийг төр удирдаж байхад маш олон хүн хэлмэгдэж байсан, Лоохууз гуайгаас эхлээд. Төр нийгмийн зүтгэлтнүүд хэлмэгдэж байсан, тэр хүмүүсийг юу гэж үзэх юм. Хэлмэгдэгсдийн маш олон байгууллага бий. Энэ хүнийг цагаатгаад магтан дуулах гэж байгаа бол буруу. Энэ хүнд сайн ч чанар байсан% муу ч юм байсан. УИХ болчимгүй тогтоол гаргавал өнгөрсөн үе рүүгээ нулимсан юм болно. Сайныг сайнаар нь, мууг нь муугаар нь бодит байдлаар үлдээх ёстой.

Хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Төр нийгмийг удирдах хугацаанд магтах юм явж байсан ч ажлаа өгсний дараа гүтгэх, хэлмэгдүүлэх юм явсан. Улстөржилт орсон, одоо бол бодитой үнэлгээ дүгнэлт өгөх цаг болсон. Тусгаар тогтнол үнэ цэнэтэй олддог. Батлан хамгаалах тусгаар тогтнолыг олоход, эдийн засгийн өсөлтийг хангахад.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Шүүх энэ хэргийн талаар аль хэдийн шийдвэрээ гаргасан юм байна. Харин прокурор 25 жилийн турш хүний эрхийг зөрчин шийдвэрээ гаргаагүй юм байна. Хүний эрх зөрчсөн энэ зөрчлийг сангийнхан гаргаж ирлээ. Прокуророос шийдвэр гаргаагүй байхад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос шийдвэр гаргах нь буруу.

УИХ Засгийн газарт чиглэлээ л өгөх ёстой. Бид өөрсдийнхөө бүрэн эрхэд байхгүй асуудлыг шийдэж болохгүй.

Төсөл санаачилсан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ц.Оюунгэрэл гишүүн ээ, Ю.Цэдэнбал агсны асуудлыг шүүхээр оруулахгүйгээр нутаг зааж явуулсан. Хууль бусаар ингэж хүний эрхийг хязгаарласан нь хэлмэгдүүлэлт. Үүнийг ойлгох хэрэгтэй. Хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан 30 гишүүн асуудалд сэтгэл хөдлөлөөр хандсан юм биш шүү.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна