Биднийг хүлээлгэсэн супер ривалиуд

2015 оны 11 сарын 27

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг “Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны улирлын нээлт маргааш буюу энэ сарын 28-ны өдөр Хандгайт дахь Д.Содномзундуйн нэрэмжит Үндэсний сагсан бөмбөгийн ордонд болно. Нээлтийн тоглолтын өдөр дараах хоёр тоглолт болно. 12.00 цагаас “ИХ ӨРГӨӨ АВАРТУУД”-“СБЛ ХАСЫН ХVЛЭГVVД”, 14.00 цагаас “АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА”-“ДОРНОД ТАТАН ГАРЬД” багуудын эхний тоглолт болох юм.

Супер лигийн 2015-2016 оны шинэ улиралд 8-н баг оролцохоор боллоо. Лиг 3 тойрог тоглох ба, плэйоффт 6 баг шалгарах юм.

Ингээд шинэ улиралын өмнөх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Нээлтийн хоёрдахь тоглолт үзэгчдийн хамгийн их хүлээсэн тоглолтуудын нэг яах аргагүй мөн билээ. Мөнхийн өрсөлдөгчид “Альянс Тех Харцага”, “Дорнод Танан Гарьд”. Нэрийг нь сонсоход сүрдэм өрсөлдөөнийг үзүүлдэг багууд.

Өнгөрсөн жилийн 11 багтай урт улирлын эцэс хүртэл тэмцэлдэн баг бүрийн хүсэл, зорилго болсон Финалд үлдсэн багууд шинэ улирлын нээлтийн тоглолтонд дахин тулна.

“Дорнод Танан Гарьд”-ад орсон гол өөрчлөлт нь дасгалжуулагчаар экс Сентоза Арслангуудын дасгалжуулагч Ж.Отгондарийг улирал эхлэхийн өмнө томилсон. Дасгалжуулагчийн хамт Арслангуудын Бүх Одод тоглогч О. Нямбаяр Танан Гарьдын бүрэлдэхүүнд нэгдсэн.

Харцагууд зун чөлөөт агентаас Залуучуудын шигшээ багийн тоглогч Цэнгүүнбаярыг багтаа нэмсэн бол түүн дээр нь Дорнод Танан Гарьдын бүрэлдэхүүнд сүүлийн 3 улиралд тоглон чөлөөт агент болсон Үндэсний шигшээ багийн довтлогч ОУХМ Ц. Азбаяртай өнгөрсөн зун тохиролцоонд хүрч гэрээ байгуулсан.

Харцагын өмсгөлтэй Ц.Азбаяр Танан Гарьд багийнхаа эсрэг анх удаа тоглоно.

Ц.Азбаярын хувьд 18 настай байхдаа лигийн гараагаа “Харцага” багийн бүрэлдэхүүнд орсноор эхэлж байсан ба дахин Харцагын өмсгөлтэй тоглох боломжтой болсон.

Супер лигийн анхны улирал буюу 2013 оны плэйоффын эхний шатанд Харцага-Танан Гарьд багууд таарч “Танан Гарьд” багийнхан хожсоноор улмаар Үндэсний аварга болсон.

2014 оны Супер лигийн плэйоффын эхний шатанд мөн эдгээр багуудын дуэль болж энэ удаа Харцагууд хариугаа авч финалд шалгарсан.

2014-2015 оны улиралд лигийн хамгийн шилдэг багуудын нэг болохоо батлан Супер лигийн Финалд шалгарсан. Улмаар Альянс Тех Харцага баг Үндэсний аварга цолыг хүртсэн.

Мөнхийн өрсөлдөгч багуудын тулаан хүн бүрийн анхаарлын төвд байж, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, цөсийг тань хөөргөх нь гарцаагүй.

Супер лигийн ширүүн тулааныг үзэхийг хүсвэл 2015 оны 11-р сарын 28-ны Бямбаг гарагийн 12.00 цагт Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонг зориорой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна