Хоёр Солонгосын дэд сайд нар уулзана

2015 оны 11 сарын 27

 

Хоёр Солонгосын дэд сайд нар ирэх арванхоёрдугаар сарын 11-нд уулзаж, яриа хэлэлцээ хийхээр тохиролцжээ. Дэд сайд нарын уулзалт хоёр Солонгосын хамтарсан аж үйлдвэрийн цогцолбор Кесонд болох аж. Энэ уулзалтыг товлохоор өчигдөр /XI.26/ Хойд болон Өмнөд Солонгосын албаныхан хилийн Пханмунжом тосгонд хэлэлцсэн юм. Өмнө нь ийм уулзалтыг 2013 оны зургадугаар сард товлоод байсан ч Хойд Солонгосын талаас цуцалж байсан аж.

 

Хоёр Солонгосын харилцаа өнгөрсөн наймдугаар сард хурцадсаныг яриа хэлэлцээний үр дүнд намжаажээ. Өмнөд Солонгосын хилийн харуулын хоёр цэрэг тэсрэх бөмбөгөнд өртөж, гэмтсэнээс хойгт хурцадмал байдал үүсээд байв.

 

Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоовол удирдагч Ким Чен Унтай биечлэн уулзах хүсэлтэй буйгаа Өмнөдийн ерөнхийлөгч Пак Кын Хе илэрхийлсэн юм. Хоёр Солонгос өмнө нь 2000, 2007 онуудад дээд хэмжээний уулзалт хийсэн билээ.

 

Үүний зэрэгцээ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэ 2015 оны сүүлээр Хойд Солонгост айлчлахаар Пхеньянтай ярилцаж байгаа аж. Бан Ги Мун өнгөрсөн тавдугаар сард Хойд Солонгост айлчлахаар төлөвлөсөн байсан ч Пхеньян урилгаа цуцалсан юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE France-Presse

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна