ХААН Банк Сангаас Аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн цэцэрлэгт сургалтын болон эмнэлгийн техник хэрэгсэл хандивлалаа

2015 оны 11 сарын 27

ХААН Банк Сан иргэдийн амьдралд нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлүүдээр төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, бусад байгууллагуудын нийгэмд чиглэсэн бүтээлч санал санаачлагыг дэмжин ажилладаг.

Энэ удаад аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн эрүүл мэнд, сурах орчинд анхаарал хандуулан "Аутизм Монгол-Анд" ТББ-ийн дэргэдэх “Анүүлэн аз жаргал” цэцэрлэгт 7,8 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгч өтгөрүүлэгч, тасалгааны агаар ариутгагч, захын судасны хүчилтөрөгчийн хангамж хэмжигч, цээж, нуруунд даралт үүсгэгч жилет, бактерцидны лам, автомат халуун хэмжигч аппарат зэрэг эмнэлгийн болон сургалтын хэрэгцээний техник хэрэгсэл хандивлалаа. 

Аутизм нь нийгмээс өөрийгөө тусгаарлах эмгэг боловч одоог хүртэл биологийн шинжилгээ хийх боломжгүй, зөвхөн зан төлөвөөр нь оношилж байна. Учир нь олон төрлийн эмгэг хавсарч, хүүхэд бүрт өөр шинж тэмдэгээр илэрдэг. Иймд аутизмтэй хүүхдүүдийг хүсэл сонирхлын хувьд хязгаарлагдмал, нэг зан үйлээ олон дахин давтдаг, хэл ярианы хөгжил муу, заримд нь хэл ярианы хөгжил огт байдаггүй, ганцаардмал зэрэг ерөнхий зан төлөвтэй хэмээн дүгнэдэг.

Аутизм хэмээх үг нь “хүмүүсээс тасрах, өөрийн бий болгосон ертөнцөд амьдрах эмгэг” гэсэн утга агуулдаг. Аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүс ерөнхийдөө нийгмийн олон янзын төлөөлөл байдаг. Тэдний дунд гоц авьяастан, сод ухаантан ч байх бөгөөд зарим нь оюун ухааны хоцрогдолтой болон оюуны чадавх дундаж хүмүүс байдаг. Гэсэн хэдий ч аутизмтай хүн бүрийн төсөөлөн бодох, тоглох үйл нь доголдолтой, мэдээллийг ер бусын байдлаар хүлээж авдаг тул энгийн заах аргаар суралцах нь хүндрэлтэй юм.

Монголд 20.000 гаруй аутизмтай иргэн байдаг гэсэн тоо байдаг. Гэвч аутизмтай хүүхдүүдийг нийгмийн харилцаанд орох дадал зуршлыг бий болгоход анхаарсан ямар нэгэн төсөл, хөтөлбөр улсаас хэрэгжиж байгаагүй төдийгүй өнөөг хүртэл манай улсад мэргэжилтэн, мэргэшсэн эмч сэтгэл зүйчээр дутагдалтай байдаг.

Аутизмтай хүүхдүүдийн хувьд эцэг эх, гэр бүлийн хайр халамжаас гадна тусгай суралцах арга барил, суралцах орчин, эрүүл мэндийг нь дэмжих эмнэлгийн хэрэгсэл, төхөөрөмж зэрэг зүйлс нэн шаарлагатай байдаг.

Иймээс нийгмийн хариуцлагийг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас “Анүүлэн аз жаргал” цэцэрлэгийн хүүхэд багачуудад нэн шаардлагатай сургалтын болон эмнэлгийн техник хэрэгсэл хандивлан “Аутизм Монгол-Анд” ТББ-аас санаачилсан “Аутизмтай хүүхдийн төлөө хамтдаа” зорилтот аяны эхлэлийг тавихад хувь нэмрээ орууллаа.

Энэхүү эмгэг хөвгүүдийн дунд 42 тохиолдолд 1, охидын дунд 189 тохиолдолд 1 илэрдэг байна. Аутизмын эмгэгийн шалтгааныг өнөөг хүртэл тогтоогоогүй бөгөөд манай улсад аутизм байж болзошгүй гэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэх болжээ. Энэ нь аутизмын тухай мэдээлэл нийтэд хүрэх болсноор ойролцоо шинж тэмдэг бүхий тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотой юм.

"Аутизм Монгол-Анд" ТББ Монголд аутизмтай хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага бөгөөд нь аутизмын эмгэгтэй байж болзошгүй хүүхдүүдэд оношилгоо

хийлгэхэд туслах, оношлогдсон хүүхдүүдийг эмчилгээний сургалт засалд  хамруулах, тэдний эцэг эхчүүдэд сэтгэлзүйн болон мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Мөн “Анүүлэн аз жаргал” цэцэрлэгтээ аутизмын эмгэгтэй хүүхдүүдийг хамруулан тэдний онцлогт тохирсон хөгжлийн үе шаттай нийгэмшүүлэх сургалтыг явуулж байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна