Шинэтгэл хуульчдад гэрэл гэгээ авчирсан

2015 оны 11 сарын 27

Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээх Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан шүүх эрх мэдэлд үүсээд байгаа нөхцөл байдал, түүний үр дагаварын талаар шүүгчдийн байр суурийг сонсох үүднээс Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Лхагвамаатай ярилцлаа. Тэрбээр 35 дахь жилдээ шүүгчээр ажиллаж байгаа аж.

-Цэцийн шийдвэрийн үр дагаварыг ахмад шүүгчийн хувьд та ямраар харж байна вэ? Шүүхэд хэр зэрэг өөрчлөлт авчрах бол? Цэцийн шийдвэрийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьчихлаа?

-Харин тийм байна. Үнэхээр хямралын үед хэрэгжүүлэх эдийн засгийн баталгаа байхгүй бол шүүхийн хэвийн үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй нь үнэн. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хуульч хүний хувьд хүндэтгэн хүлээн авч байгаа. Цэцийн шийдвэр гарснаар аймаг бүрт Давж заалдах шатны шүүх байгуулах, үр дагаварт хүргэж байна. Гэхдээ Цэцийн шийдвэрт, одоогийн мөрдөж байгаа Шүүхийн тухай хуулиар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийг эрүүгийн болон иргэний хэргийн гэж дагнан байгуулсан явдлыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээгүй байснаас дүгнэлт хийхэд аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулахдаа дээрх байдлаар дагнан байгуулах нь Үндсэн хууль зөрчихгүй гэж харахаар байна. Ийнхүү аймаг бүрт иргэний давж заалдах шатны шүүх, эрүүгийн давж заалдах шатны шүүх гэсэн 2 шүүх байгуулах шаардлага тулгарч байна. Ингэснээр иргэдэд, илүү сайн мэргэшсэн, тэдэнтэй ойрхон, цаг зардлыг хэмнэсэн шүүхийн үйлчилгээг авч ирж эрхийг нь баталгаатай хангах үндэс суурь тавигдах болов уу гэж харж байна. Хамгийн гол асуудал тэр шүүгч, түүнийг дагалдах зардал байна уу гэдэгт хамаг учир байгаа юм.

-Ингэснээр дагнасан шүүхээс ухрах юм биш биз? Цэцийн шийдвэрийн агуулга тийм утгатай юм биш үү?

-Цэцийн шийдвэрийг “дагнасан шүүх”-ээс ухрах агуулгатай гэж би харахгүй байна. Бодит бололцоо аяндаа тийм зүйл рүү түлхэх аюул байна. Тийм учраас Ерөнхийлөгч хориг тавьсан гэж ойлгож байна. Олсон амжилт, хүрсэн түвшингээсээ ухарсан зүйл хийж болохгүй. Шүүхийг дагнаж байгуулахын ач холбогдлыг шүүхийн шинэчилсэн хууль мөрдсөн сүүлийн 2 жилд ард иргэд төдийгүй шүүгч бид нар мэдэрч байна. Шүүгч нар эрүү иргэний хэргийн төрлөөр дагнах нь хэрэг хянан шийддэрлэх ажиллагааны болон хууль хэрэглээний талаар илүү нарийн мэргэшсэнээр шүүхийн шийдвэрийн чанар сайжирч алдаа зөрчил багассанаар иргэдийн зөрчигдсөн эрхийг бүрэн хамгаалах боломжтой болдог юм байна. Миний бие анхан болон давж заалдах шатны шүүхэд хөдөө орон нутагт 35 жил шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. МУ-н Ерөнхийлөгчийн санаачилсан шинэ хууль мөрдөхөөс өмнө эрүү иргэний хэргийг хоёуланг нь шийдвэрлээд нэг л их универсаль шүүгч болоод байна л гэж боддог байсан. Одоо мэргэшиж дагнан иргэний хэрэг шийдвэрлэснээр шүүгч хүний тухайн төрлийн хэргийн талаарх мэргэжлийн мэдлэг, хууль хэрэглээний ур чадвар илүү сайн дээшилж нэг үгээр хэлбэл өөртөө итгэх итгэл илүү төрдөг юм байна.

-Аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулахад ачаалал хэр зэрэг болох вэ?

-Аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулахад ачаалал харьцангуй бага болж түүнийг дагаад шүүхийн шийдвэрийн чанар сайжрах сайн талтай гэж харж байна. Ялангуяа давж заалдах шатны шүүхийг дагнан байгуулахад хүн ам цөөтэй аймгуудийн шүүх эхний үед ачаалал багатай байж болох боловч манай орны хүн ам өсч улс орон хөгжихийн хирээр ачаалал нь ихэснэ. Ер нь “ шүүхийн ачаалал их бага” гэдэг асуудал бол асуудлыг зөв шийдвэрлэх гол гарц биш. Асуудлын гол нь иргэдийн зөрчигдсөн эрхийг хэрхэн яаж, ямар шүүх байгуулж бүрэн хамгаалах вэ гэдэгт л байна байх гэж үзэж байна. Өнөөдрөөр биш маргааш, алс ирээдүйг харж л аймаг бүрт давж заалдах шатны шүүхийг дагнан байгуулаасай л гэж бодож байна.

Одоогийн дагнасан шүүхийн тогтолцоо огтхон ч буруу биш Хууль санаачлагч болон хууль тогтоогч нар улс орныхоо эдийн засгийн байдлыг харгалзан давж заалдах шатны дагнасан шүүхийг 2-3 аймгийн дунд тойргийн журмаар байгуулсан байх. Дэлхийн ихэнх хөгжилтэй орнуудад ийм л тогтолцоогоор давж заалдах шатны шүүхээ байгуулж амжилттай ажиллаж байгаа юм билээ.

-Уг нь Үндсэн хууль зөв хөгжил тал руу явах ёстой бус уу?

-Аливаа улсын Үндсэн хууль улс орны хөгжлийн гол тулгуур хууль. Манай улс алдаж онож байгаа боловч хөгжиж байгаа гэдэгт огт эргэлздэггүй. Улс орны хөгжлийг дагаад Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэдэгт санал нэгтэй байдаг. Одоогийн яригдаад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулах талаар хөндөх байх л гэж би хардаг. Техник технологи хөгжсөн орчин үед Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс цахимаар шүүх хуралдаан хийх бүх бололцоог бүрэн хангасан учир хэргийн оролцогч нар оршин суугаа аймаг, сумаасаа зардал чирэгдэлгүйгээр цахимаар шүүх хуралдаанд оролцох бүрэн боломжтой болсон, Говьсүмбэр, Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхийн хувьд шүүх хуралдаанаа цахимаар хийж Говьсүмбэр аймгийн иргэдийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж хэвшсэн. Энэ аймгийн иргэд ч ам сайтай байгаа.

-Та олон жил шүүхэд ажилласан. Өнөөдрийн хийгдээд байгаа шүүхийн шинэтгэл шүүх, шүүгчдэд чухам юу өгөв?

-Шүүхийн шинэтгэл шүүх, шүүгчдэд төдийгүй ард иргэдэд цаашлаад улс орны хэмжээнд болон гадаад ертөнцөд асар их олон өөрчлөлтийг авч ирж байгаа гэж би боддог. Шүүгчдийн эдийн засгийн болон аюулгүй байдлын баталгаа бүрэн хангагдлаа. Шүүхийн нээлттэй байдал, техник технологийн хөгжил, ая тухтай ажиллах нөхцөл байдал гээд анх намайг шүүгч болж өлгийтэй хүүхдээ тэврэн зам дээр гар өргөн зогсож замын унаанд дайгдан хэрэг шийдвэрлэж байсантай харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай болсон. Одоо харин шүүгч хүн өөрөө аливаад хандах хандлага, сэтгэлгээ, арга барилаа шинэчлэн өөрчлөх , өндөр хариуцлагатай, өндөр ёс зүйтэй, өндөр мэргэжил мэдлэгтэй болохын төлөө өөрийгөө хөгжүүлж орчин үедээ зохицож ажиллах л үлдлээ гэж боддог.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга шүүхийн шинэтгэлд шүүгчдийн зүтгэл их нэмэр болсон, шүүгчдийн сэтгэлд хариуцлага чармайлтын гэрэл гэгээ ассан гэж олонтаа хэлсэн. Үнэн үү?

-Энэ үнэн. Шүүгч нар бусдын л адил зүрх сэтгэлтэй хүмүүс. Шүүхийн шинэчлэлийг шүүгч нар маш эерэгээр хүлээн авсан, бас дэмжсэн. Шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлсэн сүүлийн 2 жилд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хамт олон түүний гишүүд маш их ажлыг амжуулсныг хөдөө орон нутгийн шүүгч нар мэдэрч, цаашид сайн ажиллах урам зориг нь нэмэгдсэн. Шүүхийн шинэчлэл шүүгч нарт төдийгүй хуульч мэргэжилтэй бүх хүмүүсийн сэтгэл зүрхэнд гэрэл гэгээ авч ирсэн. Учир нь шүүгч гэдэг албан тушаалыг тухайн орны хамгийн чадварлаг хуульч л хаших ёстой гэж боддог. Үүний эхлэл тавигдчихлаа. УИХ-ын нэгэн хуульч гишүүн чуулган дээр хамаг шилдэг чадвартай прокурорууд шүүх рүү явчихлаа гэж харамсаж суухыг хараад харамсах биш харин баярлах ёстой юм биш үү гэж бодсон.

-Шүүхийн шинэтгэлд хийснээсээ хийгээгүй нь илүү их үлдлээ гэж байна. Цаашид шүүхийн шинэтгэлийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

-Шүүхийн ирээдүйг ахмад шүүгчийн хувьд маш их өөдрөгөөр харж байгаа, эхлэл нь тавигдчихлаа. Цаашид ч хийх ажил маш их байгаа. Ялангуяа хүний нөөцийн асуудал. Шүүгчийн бүх талын баталгааг хангачихлаа. Шүүгч болох хүн өндөр мэдлэг боловсролтой байхаас гадна өндөр ёс зүйтэй, “төрмөл” шударга зантай, хүн чанартай, хүний эрхийг хүндэтгэдэг, хүний амьдралын утга учир, зовлон жаргалыг ойлгодог “өв тэгш хүн” байх ёстой гэж боддог. Ийм л хүнийг хуульч нараас шилж олох, бэлтгэх ажил хамгийн тулгамдсан ажил гэж боддог. Энд шүүгчээр ажиллах насны доод болон дээд хязгаарыг ч эргэн харах ёстой.

-Таны олон жилийн амьдралаа холбосон шүүх, шүүгчийн албан тушаалын нийгмийн үнэлэмж, иргэдийн итгэл өмнөхөөс өөрчлөгдөж байна уу?

-Шүүхийн шинэчлэлийн үр дүнд шүүх, шүүгчийн албан тушаалын нийгмийн үнэлэмж эрс дээшилсэн. Иргэдийн шүүх шүүгчид итгэх итгэл ч дээшилж байна. Энэ итгэлийг даах өндөр хариуцлага шүүх, шүүгчдийн нуруун дээр үлдлээ.

-Ярилцсанд баярлалаа.

Ш.ОЮУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна