Сайхан сэтгэлтэй сайн эмч бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Сайхан сэтгэлтэй сайн эмч бэлтгэнэ

Дарханы Анагаах Ухааны сургууль нь сайн мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ, хүний сайхан сэтгэлийг оюутан бүртээ төлөвшүүлэх зорилт тавьжээ. Эх орныхоо түүх уламжлал өв соёл, ёс заншлаа сайн мэддэг “САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮН” бий болгохоор дэвшүүлсэн хөтөлбөрийнхөө хоёр дахь жилд олон шинэлэг ажил амжуулаад байна.

Энэхүү өвөрмөц хөтөлбөрийг сургуулийн захирал, анагаах ухааны доктор, залуу эрдэмтэн Д.Зоригтбаатар өөрөө санаачилжээ. Сургуулийн багш, оюутнууд, ажиллагсдад нь хүний сайхан сэтгэлийн хандлага чанарыг эзэмшсэн хамт олон болох энэ эрмэлзлэл нь, боловсролын шинэ хөтөлбөрийн “Оюунлаг Монгол хүн” зорилттой уялджээ. Ахмад багш, профессор Д.Нямаажав хэлэхдээ “-Хүнийг хайрладаг сайхан сэтгэлтэй хүн л сайн мэргэжилтэн болно. Манай төгсөгч бүр сайн эмч төдийгүй сайн аав, сайн ээж, хүний сайн хань болох ёстой. Ийм учраас энэ хөтөлбөр оюутан залуус, багш нарын зүрх сэтгэлд хүрч манай хамт олны үнэт зүйл, сургуулийн соёл болон төлөвшиж байгаа” гэлээ. Хөтөлбөрийн хүрээнд эрдэм номтой, шинжлэх ухаанч, аугаа түүхтэй Монгол эх орноороо бахархдаг, эх хэл, үндэснийхээ соёл уламжлалыг хүндэлдэг, шудрага ёсыг дээдэлдэг, хууль журмаа сахидаг, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлтэй, харилцааны өндөр соёл, хувийн төлөвлөлт, зохион байгуулалт сайтай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарчээ. Сургалтын тэнхим бүр “Сайн санаа -Сайхан сэтгэл” хөтөлбөрийн 9 чиглэлийн дагуу сайн хүнийг бэлтгэх нэг зорилтыг дагнан авч сар бүр шинэлэг ажил зохион байгуулж хэвшжээ.

Энэ удаа л гэхэд сургуулийн эм зүйн тэнхимээс Монгол Улс Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны баярыг тохиолдуулан “Амьддаа би биеэ хайрла” өдөрлөг зохион байгууллаа. Нэрт яруу найрагч О.Дашбалбарын шүлгийг тэнхимийн эрхлэгч, доктор О.Отгонтогоо багш сэтгэл хөдөлгөн уншсанаар өдөрлөг эхлэв. Багш оюутнууд хамтран өнөөгийн энэ бурангуй цаг үед хүн хүнээ хайрлахын үнэ цэнэ, хүний мөс жудаг, эв нөхөрлөлдөө үнэнч байхын утга учрын тухай хэлэлцэн ярилцаж санал бодлоо солилцсон нь хүн бүрийн дотор нэгийг бодогдуулж гэгээн дулаан уур амьсгал бүрдүүлж чадлаа. “-Оюутнуудаа сайн сургая” гэж сургуулиуд мөн ч олон жил ярилаа. Тэгвэл эрдэм мэдлэгийн түлхүүрийг тэдэнд атгуулахын урлаг нь Дарханы анагаахын сургуулийн онч зөв бодлогод байгааг хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнгээс нь харж болохоор байна. Энэ урлагаас нь бусад сургуулиуд суралцаасай.

Ө.РАГЧААСҮРЭН /Дархан-Уул/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж