Батлан хамгаалах салбарын шилдэг бүтээлүүд туурвигчдад шагнал гардууллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалах салбарын шилдэг бүтээлүүд туурвигчдад шагнал гардууллаа

Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр, БХИС-ийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Батлан хамгаалах салбарын хэмжээнд 110 гаруй эрдэмтэн бэлтгэсний 70 гаруйг нь БХИС-ийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл бэлтгэжээ. Цаашид цэргийн ухаан, аюулгүй байдал судлалаар бэлтгэх эрдэмтэн багш судлаачдын тоог нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага ч өсөх юм. Ойн энэ өдөр 2015 онд туурвисан батлан хамгаалах салбарын шилдэг бүтээлүүдийг тодрууллаа. Жил бүр Батлан хамгаалахын сайдын нэрэмжит салбарын хэмжээнд судалгаа, практик, онолын хувьд ач холбогдол өндөртэй бүтээлийг шалгаруулж ирсэн уламжлалтай. Бүтээлийг “Батлан хамгаалах судлал”, “Цэргийн зэвсэглэл, техник технологи" гэсэн чиглэлээр шалгаруулдаг бөгөөд 2015 онд дараах ном туурвил шилдгээр шалгарчээ. Тухайлбал, “Батлан хамгаалах судлал” чиглэлээр Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж нарын хамтран туурвисан “Цэргийн нэр томьёоны тайлбар толь” ном, “Цэргийн зэвсэглэл, техник технологи” чиглэлээр мөн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Хүрэлбаатар, дэслэгч М.Түмэнбаяр нарын зохион бүтээсэн “Авто, хуягт танкийн техникийн цахилгаан шалгах багаж” бүтээлийг шалгарчээ. Мөн “Цэргийн зэвсэглэл, техник технологи” чиглэлээр Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч, хурандаа О.Жамбажамцын “Цэргийн буудлагын зэвсэглэлийн түргэн хараалагч”, Батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн багш Э.Төгөлдөрийн “Тэнгэрийн элч-агаарын тандан судалгааны төхөөрөмж” бүтээлүүд тусгай байранд шалгарсан байна. Шалгарсан бүтээлийн эзэд, ном зохиогчдод өргөмжлөл, мөнгөн шагналыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар гардуулан өгсөн юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон шагнал гардуулсны дараа "Монгол Улсын шинжлэх ухааны салбар,эрдэм номын арвин их сан хөмрөгт хүндтэй байр эзэлдэг цэргийн шинжлэх ухааны эрдэмтэн, докторууд, эрдэм шинжилгээний ажилтнууд, Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг шинжлэх ухаанч үндэслэлээр хангаж, Зэвсэгт хүчний хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Олон зуун жилийн баялаг түүхтэй цэргийн эрдэм судлал нь цэргийн ялан дийлэхийн ухааныг боловсруулж, удирдлага, цэргийн урлагийн ухаантай хосолсон онол, практикийн нэгдлээр илэрлээ олдог онцлогтой. Монгол Улсын Их Хурлаас “Монгол улсын хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг батлан гаргаж Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол улс байнга төвийг сахих статусын тухай хуулийн төслийг санаачилсан цаг дор батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалтын эрх зүйн зохицуулалтыг аюулгүй байдлын шинэ орчин нөхцөлд нийцүүлэн шинэчлэн боловсруулахад цэргийн эрдэмтэн судлаачдын хичээл зүтгэл, үүрэг хариуцлага юу юунаас илүү чухал болоод байгаа. Үндэсний цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн цэргийн тангарагтаа үнэнч үе үеийн эрдэмтэн судлаачид, өнөө үеийн манай оюуны манлай эрдэмтдээ Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр, БХИС-ийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулагдсны 20 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, оюун билиг, бүтээл авъяас тань ундран дэлгэрч байхын ерөөл дэвшүүлье" гэсэн юм. Өнөөдөр БХИС цэрэг, Батлан хамгаалах, аюулгүй байдал судлалаар магистр, докторын сургалт явуулж хамгаалуулах зөвлөл ажиллуулж эхэлсэнээс хойш даруй 20 жилийн нүүрийг үзжээ. Эрдмийн зөвлөлтэй болсноор манай салбарын шинжлэх ухаан, техник технологи цэргийн урлаг хийгээд бусад бүхий л чиглэлд хөгжлийн түүчээ буухиалан хүрч, “өөрийгөө хамгаалах” стратеги, тактикийг өөрийн хөрсөн дээр монгол сэтгэлгээгээр үндэсний эрдэмтдээр боловсруулж цэргийн эрдэмтэн судлаачдыг бие даан бэлтгэж, тэднийг мэргэжлийн онол, судалгааны арга зүйг дээшлүүлэх практик сургалтын талбартай болж төлөвшсөн ач холбогдлуудыг дурдаж болно. Улмаар батлан хамгаалах салбарын эрдэмтэн судлаачид болон эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл цэргийн эрдэмтдийн аливаа бүтээл, ном, сурах бичиг, гарын авлага, материалыг шүүн хэлэлцэж монголын шинжлэх ухааны тогтолцоонд цэргийн шинжлэх ухааны байр суурийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Энэ үеэр Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр, БХИС-ийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан БХЯ, ЗХЖШ, БХИС, ХХЕГ-ын удирдлагууд батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээний ажилтнуудад шагнал гардуулан өгсөн юм.

Д.БОЛОРМАА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж