Д.Дорлигжав хуулийн төслүүд өргөн барив

2015 оны 11 сарын 27

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.11.27/ Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барив.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд Гаалийн Ерөнхий газар болон Татварын Ерөнхий газрын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахаар тусгасантай холбогдуулж Үндэсний орлогын газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинээр боловсруулж өргөн барьсан. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос гаргасан саналын дагуу хуулийн төслийн нэрийг  Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай гэж нэрлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулж, хуулийн төслийг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Гаалийн тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн хүрээнд удирдлагын заалтыг нэгтгэн хуулийн төслийн дахин боловсруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. Хуулийн төсөл 5 бүлэг, 15 зүйлээс бүрдэх бөгөөд Гаалийн тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн дагуу зохицуулагдаж байгаа удирдлагын заалтыг нэгтгэн зохицуулахаар боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар гааль, татварын албаны удирдлагыг нэгтгэн зохион байгуулах замаар гааль, татварын албаны захиргааны зардлыг тодорхой хувиар хэмнэх боломжтой бөгөөд тус тусын мэдээллийн баазыг нэгтгэн, татварын хяналт, шалгалт, хураалтын үйл ажиллагааг хялбаршуулах ач холбогдолтой болохыг Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2 зүйлтэй. Импортын болон дотоодын үйлдвэрийн архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татвароын хувь хэмжээг ялгаваргүй тогтоохоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуульд энэхүү өөрчлөлтийг оруулснаар Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр бүрэн хэрэгжих боломж бүрдэн, Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн архи, дарсанд ногдуулдаг гаалийн албан татварын хувь хэмжээг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт заасан, зөвшөөрөгдсөн хувь хэмжээгээр нэмэгдүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлээ хамгаална хэмээн тооцоолжээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна