УИХ-ын дарга "Амгалан" дулааны станцын нээлтэд оролцов

2015 оны 11 сарын 27

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.11.27/ “Амгалан” дулааны станцын нээлтийн ажиллагаанд оролцов.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт ашиглалтад орж буй “Амгалан” дулааны станцын нээлтийн үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, 1983 онд ашиглалтад орж байсан “ДЦС-IV”-өөс хойш тус станцын үйлдвэрлэдэг дулааны тал хувийг үйлдвэрлэх хүчийн чадал бүхий томоохон, 30 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт өнөөдөр Баянзүрх дүүрэгт ашиглалтад орж, 50.000 гаруй айл өрх, албан байгууллагын дулааны хэрэгцээг хангахаар болж байна.

Монгол Улсын Их Хурал төслийг амжилттай, богино хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бүтээн байгуулалтад шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслийг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталж байлаа. Түүнчлэн тухайн үеийн Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Хөгжлийн банк, Гаалийн Ерөнхий газар, ИХШХЕГ, “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв” зэрэг төрийн олон байгууллагуудын сайн уялдаа, дэмжлэг оролцоогоор энэ ажил хугацаандаа бүтсэн байна хэмээсэн юм. Түүнчлэн энэ бүтээн байгуулалт нь хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болж байгаа төдийгүй цаашид томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг дурдсан юм.

Нээлтийн ёслолд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Улсын Их Хурлын гишүүн М.Сономпил, А.Тлейхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин, НИТХ-ын дарга Д.Баттулга, төслийн удирдагчид болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

“Амгалан” дулааны станцын бүтээн байгуулалтыг Монгол Улсын Хөгжлийн банкны Хятад Улсын Хөгжлийн банкнаас авах зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. Нээлтийн үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин “Энэ төсөл хоёр орны ард түмэнд нэн хэрэгцээтэй, ашигтай төсөл болсонд сэтгэл хангалуун байна. Монгол Улсын холбогдох яам, төрийн байгууллагуудын нягт хамтын ажиллагааны үр дүнд төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд Хятадын талыг төлөөлөн миний бие энэхүү бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан хамт олон, хүн бүхэнд баяр хүргэж, талархал илэрхийлье” гэлээ. 

348 МВт (300 Гкал/ц) хүчин чадалтай тус станцын нээлтийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт үг хэлэв. Тэрээр, салбарын түүхэнд чухал үйл явдал болж байгааг онцлоод бүтээн байгуулалтад оролцсон Монгол, Хятадын холбогдох байгууллагуудад талархал илэрхийллээ. “Амгалан” дулааны станцын төслийг Улсын Их Хурлын гишүүн М.Сономпил эхлүүлж, төсөл хэрэгжихийн өмнөх бэлтгэл ажилд Нийслэлийн удирдлагууд ихээхэн дэмжиж оролцсон, энэ мэтчилэн олон байгууллагын оролцоотойгоор төсөл амжилттай хэрэгжээд байна гэлээ. “Амгалан” дулааны станц 60.000 орчим айл өрх, 700-гаад орон сууцыг дулаанаар хангах боломжтойг салбарын сайд онцлоод, Улаанбаатар хотын иргэдийн тав тухтай амьдралд үнэтэй хувь нэмэр болж байгааг тэмдэглэв. Станцыг  орчин үеийн, байгальд ээлтэй техникээр тоноглож, технологи нэвтрүүлсэн. Анх удаа нүүрс хадгалах битүү барилга байгууламжтай болж, нуруулдан овоолох аргыг ашиглаж байгаа нь манай салбарын хувьд дэвшилтэт шийдэл болсныг дурдлаа.

Ийнхүү "Амгалан" дулааны станцын нээлтийн туузыг хайчилж, түлхүүр гардуулах ёслол болсноор Улаанбаатар хотын зүүн бүсийн айл өрхүүд найдвартай дулааны эх үүсвэрт холбогдон, цаашид шинээр орон сууц барих боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн нийслэлийн дулаан хангамжийн систем найдвартай болохоос гадна одоогийн “ДЦС-4” ТӨХК-ийн ачаалал болон өсөн нэмэгдэж байгаа ачааллыг бууруулах ач холбогдолтой. 

Нээлтийн ёслолын дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд "Амгалан" дулааны станцын удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.


УИХ-ын дарга З.Энхболдын "Амгалан" дулааны станцын нээлтийн ажиллагаанд хэлсэн үг

Нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн Улсын Их Хурлын гишүүд, Эрчим хүчний яамны хамт олон, барилгын ажлыг гүйцэтгэгчид, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, бүтээн байгуулалтад гар бие оролцсон бүх хүнд баярын мэнд хүргэе.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “Амгалан” дулааны станцыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байсан. Энэ  төслийг Монгол Улсын Хөгжлийн банкны Хятад Улсын Хөгжлийн банкнаас авах зээлийн хөрөнгөөр барьж байгуулаад ард түмэнд дулаанаа түгээгээд эхэлж байгаа энэ сайхан үйл явдлыг нээж байгаадаа баяртай байна.

1983 онд ашиглалтанд орж байсан “ДЦС-IV”-өөс хойш тус станцын үйлдвэрлэдэг дулааны тал хувийг үйлдвэрлэх хүчийн чадал бүхий томоохон, 30 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт өнөөдөр Баянзүрх дүүрэгт ашиглалтад орж, 50.000 гаруй айл өрх албан байгууллагын дулааны хэрэгцээг хангахаар болж байна.

Монгол Улсын Их Хурал төслийг амжилттай, богино хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бүтээн байгуулалтад шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслийг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталж байлаа. Түүнчлэн тухайн үеийн Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Хөгжлийн банк, Гаалийн Ерөнхий газар, ИХШХЕГ, “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв” зэрэг төрийн олон байгууллагуудын сайн уялдаа, дэмжлэг оролцоогоор энэ ажил хугацаандаа бүтсэн байна.

Төслийн үндсэн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Машин инженерийн корпораци” ТӨХК оролцсон нь 1950-аад онд баригдсан “ДЦС-II”-оос хойш Хятад улсын оролцоо дэмжлэгтэйгээр хийж байгаа томоохон бүтээн байгуулалт, энэхүү “Амгалан” дулааны станц нь хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болж байгаа юм.

Цаашид Эрчим хүчний салбарт Монгол-Хятад хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд “Эгийн голын” УЦС, “Багануурын цахилгаан станц” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлаас онцгой анхаарч тодорхой тогтоол шийдвэрүүдийг гаргаж, эрхзүйн орчныг бүрдүүлж байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнээр манай орны эрчим хүчний системийн найдвартай тогтвортой ажиллагаа хангагдаж, цаашдаа манай улс эрчим хүч экспортлогч орон болох  үндэс суурь тавигдах болно.

Энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажилд оролцсон Эрчим хүчний яам болон холбогдох бусад яам, агентлагийн хамт олон, БНХАУ-ын “Машин инженерийн корпораци” ТӨХК, туслан гүйцэтгэгчээр ажилласан монголын бүх аж ахуйн нэгж байгууллагын хамт олонд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Энэхүү шинэхэн станцыг хүлээн авч ажиллуулах удирдлагын баг, инженер техникийн ажилтан, албан хаагчдад ажлын өндөр амжилт хүсье. 

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна