Пуужингийн C-400 системийг бэлэн байдалд оруулжээ

2015 оны 11 сарын 27

Фото: Оросын БХЯ-ны хэвлэлийн алба

 

Сири дэх Оросын нисэхийн Хмеймим баазад 11 дүгээр сарын 26-нд ерөнхийлөгч Владимир Путины шийдвэрийн дагуу Оросоос яаралтайгаар зөөн авчирсан зенитийн пуужингийн С-400 системийг байрлуулан районыг хаан хамгаалах байдалд орсон тухай БХЯ-ны албан ёсны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков мэдэгдлээ.

 

Пуужинт крейсер “Москва” хөлөг онгоцны С-300Ф системийн хамт С-400 нь аюултай ямар ч байг устган нисэх баазыг хамгаалах юм. Москва орчимд байрласан нэгэн хорооны бүрэлдэхүүнээс системийг цэргийн тээврийн Ан-124 «Руслан» онгоцоор зөөн авчран байлдааны бэлэн байдалд оруулан байрлуулсан байна. Оросын нийслэлийн орчимд Агаараас хамгаалах 4-р дивизийн 606-р зенитийн пуужингийн хороо, Агаараас хамгаалах 5-р дивизийн 93 ба 210-р хороо С-400 цогцолбороор зэвсэглэгджээ.

 

Туркийн сөнөөгч онгоц Оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний дараа Батлан хамгаалах яамны хүсэлтийн дагуу энэ системийг Сирид байрлуулах шийдвэрийг Путин гаргасан юм.

 

ЛАВЛАХ: Зенитийн пуужингийн систем С-400

 

С-400

© Станислав Красильников/ТАСС, архив

 

Сири дэх Хмеймим нисэх баазад зенитийн пуужингийн С-400 системийг байрлуулна гэж 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэн юм.

 

С-400 "Триумф" гэдэг Оросын зенитийн пуужингийн систем (ЗПС) нь алсын болон дундын зайны зэвсэг юм. Агаарын довтолгоон болон агаарын тагнуулын байнуудыг тэдний тоонд “Стелс” технологиор бүтээгдсэн нисэхийн аппаратуудыг галын болон радио цахилгаан хүчтэй эсэргүүцлийн нөхцөлд устгах зориулалттай.

 

Зохион бүтээлт ба зэвсэглэлд оруулсан нь

 

Системийг 2000-гаад онуудад бүтээжээ. Академич А.А. Расплетины нэрэмжит Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн нэгдэл “Алмаз” шинэ зэвсгийг С-300 ЗПС-ийн үндсэн дээр бүтээсэн ажээ. "Триумфын" үйлдвэрийн дамжлага 2007 онд эхэлсэн бөгөөд С-400 ЗПС-ийг 2007 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зэвсэглэлд авч анхны дивизионыг нь Электросталь хотноо тэр жилийн 8 дугаар сард байлдааны жижүүрийн байдалд оруулжээ.

 

Системийн бүтэц

 

"Триумф" ЗПС нь байлдааны удирдлагын төв, байг илрүүлэн барих радио локацийн станц (РЛС) түүнтэй холбоотой зургаа хүртэлх зенитийн пуужингийн цогцолбор (ЗПЦ) зэргээс бүрэлдэнэ. ЗПЦ тус бүр нь янз бүрийн төрлийн пуужинтай 12 харвах төхөөрөмж, олон талын үйл ажиллагаатай РЛС-тай. Үүний зэрэгцээ системийн бүрэлдэхүүнд бүх өндрийн РЛС-ыг, антенны цамхгийн хамт багтааж болно. Эдгээр бүх системүүдийг Минскийн дугуйт зүтгүүрийн ба Брянскийн автын үйлдвэрийн дугуйт шасси дээр байрлуулжээ. Мөн системийг төмөр зам, агаар, усан тээврийн хэрэгсэл дээр байрлуулж болно.

 

Техникийн үзүүлэлт

 

  • Агаарын байг сөнөөх зай: 3-250 км;
  • Тактикийн баллистик байг сөнөөх зай: 5-60 км;
  • Байг сөнөөх өндөр: 2 - 27 км;
  • Сөнөөгдөх байн хурд: 4 мянган км ба 800 м/сек;
  • Нэгэн зэрэг буудагдах байн тоо: 36 хүртэл (нэг ЗПЦ-оор зургаа хүртэл байг буудаж болно);
  • Нэгэн зэрэг онилогдох пуужингууд: 72. Систем нь харвалтын гарааны жин болон тусгалын алслалтаар наад зах нь таван төрлийн пуужинг сонгон ажиллах чадвартай бөгөөд үүгээр дараалсан эгнээ бүхий хамгаалалтыг хийж болно;
  • Системийг явалтын байдлаас байрлалд оруулах хугацаа: 5-10 минут бөгөөд байрлалаас байлдааны бэлэн байдалд оруулах хугацаа: 3 минут;
  • Газрын байрлалын системийн ашиглалтын хугацаа: 20 жилээс доошгүй, зенитийн удирдлагат пуужингийн ашиглалт нь 15 жил.

 

 

Орост байлдааны жижүүрт

 

Одоо Орост байлдааны жижүүрийн байдалд С-400 системийн 11 хороо байгаа. Нээлттэй эх сурвалжуудын мэдээллээр нийтдээ 23 дивизон ба 184 харвах төхөөрөмжийг Электросталь, Дмитров, Звенигород (Москва муж), Находка (Приморийн хязгаар), Калининград, Новороссийск (Краснодарын хязгаар), Петропавловск-Камчатск (Камчатскийн хязгаар), Новосибирск зэрэг хотуудад байрлуулжээ.

 

Зэвсэглэлийн улсын төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд С-400-ийн 56 дивизионыг зэвсэглэлд авна. Тэр нь хоёр дивизионоос бүрэлдэх 28 зенитийн хороог зэвсэглэх боломжийг өгнө.

 

Экспортын нийлүүлэлт

 

Одоо С-400 зөвхөн ОХУ-ын Зэвсэгт хүчний зэвсэглэлд байгаа. Энэ жилийн дараа "Триумф" системийг Белорусь, Казахстанд нийлүүлж эхлэх бололтой. Хятадтай энэ системийн нийлүүлэлтийн талаар хэлэлцээ эхэлсэн байж магадгүй.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна