Нээлттэй хэлэлцүүлэг болж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Нээлттэй хэлэлцүүлэг болж байна

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаарх нээлттэй хэлэлцүүлэг болж байна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.11.27/ үдээс өмнө эрдэмтэн судлаачид, бизнесийн байгууллагын төлөөллийг оролцуулан Төрийн ордонд зохион байгуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нээлттэй сонсголыг нээж хэлсэн үгэндээ, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын эхний үе шат 2015 онд дуусч, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 оны 9 дүгээр сард Тогтвортой хөгжлийн зорилтыг шинэчлэн баталсан. Манай улсын цаашдын хөгжилд дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, уур амьсгалын өөрчлөлт болон дотоодын эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй урт хугацааны сорилтууд тулгарч байгаа бөгөөд эдгээрийг даван туулахын тулд Монгол Улс урт хугацааны, залгамж чанартай бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай боллоо. Иймээс Улсын Их Хуралд суудалтай улс төрийн нам, эвслийн бүлгийн гишүүд, бие даагч гишүүд хамтдаа улс орны язгуур эрх ашгийн төлөө улс төрийн зөвшилцөлд хүрч, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулж хэрэгжүүлэх нь ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзсэн юм. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын даргын 2014 оны 60 дугаар захирамжаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн дарга нараар ахлуулан ИЗНН, бие даагчдын төлөөллийг оролцуулан байгуулаад ажиллаж байна. Уг ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг бүх яамдын төлөөлөл, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцсон бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулан Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын судалгааг гаргаснаар эхний шатны ажил дуусгавар болсон бөгөөд Улсын Их Хурлын даргын 2015 оны 137 дугаар захирамжаар ажлын дэд хэсгийг шинэчлэн байгуулж, салбарын тэргүүлэх эрдэмтэд, бодлого судлаачид, мэргэжлийг байгууллагын төлөөллийг оролцуулж ажиллаад “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ төслийг боловсрууллаа.

Улсын Их Хурлаар өчигдөр батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан харилцааг зохицуулах заалтуудыг тусгаж өгсөн нь уг баримт бичгийн эрх зүйн орчинг бүрүүлж байгаа юм гэдгийг онцлов.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулга, үзэл баримтлалын талаар товч танилцуулсан юм.

Манай улсын цаашдын хөгжилд дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, уур амьсгалын өөрчлөлт болон дотоодын эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй урт хугацааны сорилтууд тулгарч мэдэхээр байна. Эдгээрийг даван туулахын тулд Монгол Улс өндөр хөгжилтэй, уул уурхайн салбараас хараат бус, олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй, өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлтийг хангасан улс болж хөгжихөд урт хугацааны, залгамж чанартай бодлого боловсруулж хэрэгжүүлэх практик шаардлага гарч байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурал өчигдөр эцэслэн баталлаа. Үүний үр дүнд дээрх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний зарчим, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, үндэсний, салбарын болон аймаг, нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх харилцааг зохицуулах зорилготой боловсруулсан нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг иргэн, өрх гэр, аж ахуйн нэгж бүрт хүрсэн, үндэсний хэмжээнд тууштай, үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.

Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийн заалтыг иш үндэс болгон Монгол Улс 2030 онд эдийн засгийнхаа өсөлтөөр бүс нутгаа тэргүүлж, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, даяаршсан зах зээлд тогтвортой өсч байгаа олон салбартай, нээлттэй эдийн засагтай, нийгмийн хүрээнд орлогын тэгш бус байдлыг арилгаж, ядуурлаас бүрэн ангид, чинээлэг дундаж давхарга даваймгалсан, улс орноо алсын хараатай бодлогоор хөгжүүлдэг хариуцлагатай ардчилсан засаглалтай, боломжийг иргэн бүрт ижил олгож, бүтээлч үйл ажиллагааг дэмждэг, шударга өрсөлдөөнд тулгуурласан бизнесийн тунгалаг орчинтой, унаган байгаль, экологийн тэнцвэрийг хадгалсан ногоон хөгжлийг эрхэмлэсэн улс болгох алсын харааг Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тодорхойлж өгсөн гээд Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2030 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, энэхүү үзэл баримтлал нь үндсэн 4 хэсгээс бүрдэх бөгөөд нийтдээ 13 гол чиглэлийг тодорхойлсон талаар танилцуулсан юм.

Мөн тэрээр энэхүү бодлогын баримт бичгийн төслийн талаар Засгийн газрын саналыг авахаар хүргүүлээд байгаа. Энэ хугацаанд эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төрийн байгууллагууд, бизнесийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, иргэдийн саналыг авч төсөлд тусгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Эдгээрээс гарсан саналыг судалж нэгтгээд бодлогын баримт бичгийн төслийг ирэх сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ.

Дараа нь ажлын хэсгийн гишүүн, судлаач Н.Энхбаяр “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд гарах үр дүн, өөрчлөлтийг эдийн засгийн дундаж өсөлт, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого, хүний хөгжлийн үзүүлэлт, ядуурлын түвшин, улс орны өрсөлдөх чадвар зэрэг 25 үндсэн үзүүлэлтээр тодорхойлохоор авч үзсэн. Хүрэх арга зам нь нэгд, Монгол Улсын өмнө тулгарч буй нийгэм, эдийн засаг, бизнесийн орчин, засаглалын болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн томоохон сорилтыг даван туулахад чиглэсэн үндэсний, салбарын болон орон нутгийн түвшинд нэгдсэн бодлоготой байна. Хоёрт, урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаар бүх нийтээрээ нэгдсэн ойлголтод хүрч, зөвшилцсөний үндсэн түүнийг тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Гуравт, урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, шаардлагатай үед нь шинжлэх, үр дүнд тулгуурласан хяналт-шинжилгээ, үнэлгээ бүхий хөгжлийн бодлогын эрх зүйн, удирдлагын тогтолцоотой байх шаардлагатай. Урт хугацааны бодлого нь олон нийтэд нээлттэй, ахиц дэвшил, үр дүн нь хэмжигдэхүйц байх юм гэдгийг тэрээр дурдав.

Илтгэгч Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах үндэслэл, эрх зүйн орчин, сорилт, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын хамрах хүрээ, төлөвлөлтийн зарчим, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд, урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын шалгуур үзүүлэлтүүд, хүрэх дүн, түүний хэрэгжилтийн зохицуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар нээлттэй сонсголд оролцогчдод дэлгэрэнгүй танилцууллаа.

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/-ыг 2016-2020, 2020-2025, 2025-2030 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд Монгол Улс дунд орлоготой орнуудыг тэргүүлэгч улс орнуудын эгнээнд хүрч, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 6.6 хувиас доошгүй, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрсэн байна гэж тооцож байгаа аж. Мөн ядуурлын бүх төрлийг эцэс болгож, монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг ханган дундаж наслалтыг 78-д хүргэнэ, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий улс орнуудын эгнээнд багтаж, эхний 70 орны нэг болно, төсвийг алдагдалгүй болгож, хуримтлал үүсгэх замаар 2017-2024 онуудад төлөх Засгийн газрын өрийг барагдуулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийн нөхцөлийг хангана гэсэн судалгаа тооцоо хийсэн байна.

Илтгэл, танилцуулгатай холбогдуулан нээлттэй сонсголд оролцсон эрдэмтэн судлаачид, бизнесийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд санал бодлоо хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, С.Дэмбэрэл нар нээлттэй сонсголд оролцон үг хэлж, санал бодлоо хуваалцав.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт нээлттэй сонсголын төгсгөлд хэлсэн үгэндээ, энэ удаагийн нээлттэй сонсгол нь улс орны ирээдүйн хөгжилтэй холбоотой төрийн бодлогын энэ чухал баримт бичгийн төслийн талаар санал бодлоо өргөн хүрээнд хуваалцаж, ойлголтоо нэг мөр болгоход үр дүнтэй арга хэмжээ болсныг тэмдэглээд нээлттэй сонсголд оролцогчдоос гаргасан саналыг төсөлд тусгахад ажлын хэсэг анхаарч ажиллах болно. Түүнчлэн төслийн танилцуулга, ажлын дэд хэсгээс боловсруулж гаргасан судалгааны материалыг салбарын болон судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, бизнесийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлж хэлэлцүүлэг өрнүүлэх ажлыг зохион байгуулах болно гэдгээ хэллээ.

Нээлттэй сонсгол өнөөдөр үдээс хойш үргэлжилж, улс төрийн намууд, төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцож энэ сэдвээр санал бодлоо хуваалцах юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж