Гадаад хэргийн сайд Швейцарьт ажлын айлчлал хийлээ

2015 оны 11 сарын 27

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Холбооны Улсад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр тэрээр ШХУ-ын Гадаад хэргийн сайд Дидиер Буркхалтертай яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны  болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар ярилцаж санал солилцов. Гадаад хэргийн сайд Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд харилцаа, хамтын ажиллагаа улс төр, хөгжлийн хамтын ажиллагаа, cоёл, хүмүүнлэгийн салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Монгол Улс ШХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд швейцарийн талтай улс төрийн яриа хэлцээг бүх түвшинд гүнзгийрүүлэх, хөгжлийн туслалцааны чиглэлээр амжилттай хөгжиж буй хамтын ажиллагаагаа цаашид үргэжлүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг бусад салбар чиглэлээр өргөжүүлэх сонирхолтой байгааг онцлов.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар Монгол Улс байнга төвийг сахисан улс орон болохыг зарласантай холбогдуулан швейцарийн тал төвийг сахих бодлогын талаар хуримтлуулсан арга туршлагаа хуваалцах, санал солилцох хоёр талын зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдөр Берн хотноо амжилттай зохион байгуулсанд Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн талархал илэрхийлж энэ чиглэлээр цаашид ч хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр орон НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхлоо нотолж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр болсон Хүний эрхийн зөвлөлийн 2016-2018 оны гишүүний сонгуульд Монгол Улсыг дэмжсэнд талархал илэрхийлэв.

Швейцарийн Гадаад хэргийн сайд Д.Буркхалтер Монгол, Швейцарийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйд сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааг цаашид олон салбар, чиглэлээр өргөжүүлэх боломж байгааг онцлов. Тэрээр мөн Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр олсон ололт амжилтад, тухайлбал ардчилсан сонгууль болсны 25 жилийн ой энэ жил тохиож буйд баяр хүргээд, Монгол Улсын байнгын төвийг сахих тухай санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Мануель Сагер-ыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Сайд Л. Пүрэвсүрэн Швейцариас Монголд үзүүлж буй хөгжлийн тусламж нь Монгол Улсын Засгийн газраас улс орны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр тавьж буй тэргүүлэх зорилттой уялдаж, чухал хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэв. Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хэрэгжиж байгаа төвлөрлийг сааруулах, сайн засаглалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө орон нутагт техник, мэргэжлийн сургалтын тогтолцоог сайжруулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаад Монголын төр засаг, ард түмэн гүнээ талархаж байдгийг  илэрхийлэв. Цаашдын ирээдүйд ч Швейцарийн хөгжлийн тусламжийг үргэлжлүүлэн авах бодит хэрэгцээ, шаардлага Монгол оронд байгааг онцолж дурдаад Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн шугамаар амжилттай хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Монголд тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой болох хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт урт хугацаанд Швейцарьтай үр ашигтай, тогтвортой хамтран ажиллах арга хэлбэрийг одооноос тодорхойлж цаашид Швейцарийн технологи, хөрөнгө оруулалтыг энэ чиглэлээр түлхүү хөгжүүлэх боломжийг судалж ажиллахын төлөө байдгийг илэрхийлэв. Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Мануель Сагер тус агентлагийн шугамаар Монголд хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, сайн засаглал, мэргэжлийн боловсрол зэрэг төрөл бүрийн салбарт Монголд хэрэгжүүлж ирсэн хөгжлийн тусламжийн төсөл, хөтөлбөрүүд нь амжилттай, үр дүнтэй явагдаж буйд сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглээд цаашид ч хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд шаардлагатай чиглэл, салбаруудад Швейцарийн хөгжил, дэвшлийн туршлагыг Монгол оронтой хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)- гийн гишүүн орнуудын Зөвлөлийн 24 дүгээр чуулган болон Ардчиллын Форумд оролцож Монгол Улс  Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн гишүүн орнуудын Зөвлөлийг 2016 онд даргалах ажлыг тус Зөвлөлийг 2015 онд даргалсан ШХУ-ын Гадаад хэргийн сайд Д.Буркхалтераас албан ёсоор хүлээн авав. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ардчиллын Форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс АСТОУХ-гийн гишүүн орнуудын Зөвлөлийг даргалахтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна