Автомашины худалдаа эрхлэгчид жагслаа

2015 оны 11 сарын 27

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг дарга хотын төвд автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоож, авто захуудын газрыг албадан чөлөөлөх захирамжийг гаргасан билээ. Гэхдээ дээрх захирамж нь бизнесийн шударга өрсөлдөөн, иргэд худалдаа эрхлэх газраа сонгох зэрэг өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газраас дүгнэсэн. Мөн авто худалдаачид буюу “Да хүрээ”, Өгөөмөр, 1000 машины зогсоол зэрэг захуудад дэлгүүртэй иргэд НИТХ-ын тэргүүлэгчдийн 29 дугаар тогтоол, хотын дарга Э.Бат-Үүлийн А/980 тоот захирамжийг эсэргүүцэн, жагссаар байгаа. Өнөөдөр ч тэд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн гадна жагссан юм. Учир нь тэд нийслэлийн Засаг даргын дээрх гаргасан авто захуудыг албадан нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг хүчингүй болгохоор нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Худалдаа эрхлэгчид Да хүрээ зах руу явахад таван чиглэлийн замаар зорчиж болдог. Мөн хотын төвд байдаггүй учир, захуудаас болж хотын төвийн түгжрэл үүсээгүй. Харин баруун тийшээ нүүвэл таван шарын уулзварт жинхэнэ бөглөрөл үүснэ. Мөн зарах гэж буй машинууд талбайд сул зогсдог. Ийм байхад агаар, хөрсний бохирдол үүсэхгүй. Өөрөөр хэлбэл хотын удирдлагууд үндэслэлгүй, тооцоо судалгаа хийж худалдаа эрхлэгчдийн эрхэнд халдаж, өмхий үнэртэй, хүйтэн газарт шилжүүлэх нь хууль бус үйлдэл гэж өмгөөлөгч Г.Батбаяр тайлбарлалаа. Зарим худалдаа эрхлэгч нар баруун, зүүн талдаа авто машины хоёр захтай болох хэрэгтэй саналыг ч дэвшүүлсэн юм.

Улаанбаатар хотын түгжрэл, агаар, хөрсний бохирдол зэргийг бууруулах зорилгоор Авто захуудыг нүүлгэхээр болсон байдаг. Өнгөрсөн аравдугаар сард нээлтээ хийсэн Авто худалдааны цогцолбор төв, бүрэн ашиглалтад ороогүй ч, авто машин худалдах бололцоог хангасан эхний ээлжийн тохижилтын хийсэн. Иймээс захууд, худалдаа эрхлэгчид дээрх цогцолбор төв рүү яаралтай нүүх шаардлагатай гэж хотын удирдлага үзэж байгаа.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна