Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцлээ

2015 оны 11 сарын 27

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн А.Бакей, С.Бямбацогт, Ж.Батзандан, Д.Дэмбэрэл нараас гадна салбар бүрээс эрдэмтэн судлаачид, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нээлттэй сонсголыг нээж үг хэлсэн. Тэрбээр “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын эхний үе шат дуусч байна. Цаашид хөгжилд дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, уур амьсгалын өөрчлөлт болон дотоодын эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй урт хугацааны сорилтууд тулгарч байгаа бөгөөд эдгээрийг даван туулахын тулд Монгол Улс урт хугацааны, залгамж чанартай бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Тиймээс энэ бодлогыг боловсруулж өнөөдөр хэлэлцэж байна. УИХ өчигдөр батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан харилцааг зохицуулах заалтуудыг тусгаж өгсөн нь уг баримт бичгийн эрх зүйн орчинг бүрүүлж байгаа юм” гэдгийг онцлов.

Үүний дараа 11 оролцогч санал хэлсэн юм. Тодруулбал анхны саналыг Судлаач, эрдэмтэн н.Товуусүрэн хэлсэн бол дараагийн саналыг Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль хэллээ. Тэрбээр “Үндэсний хөгжлийн хүрээлэнгээс монголын нэрт эрдэмтдийг оролцуулсан 35 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад бүтэн жил ажиллаж байж Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулсан. Өнгөрсөн дөрвөн сард боловсруулж өгсөн төслийг улс төрийн гэдэг шалтгаанаар дахиж ажлын хэсэг байгуулаад, дахин боловсруулаад явж байгаа нь энэ юм. Энэ төсөл дотор ядуурлыг тэг хувьтай барина, цөлжилтийг 18 хувиар бууруулна гэсэн огт үндэслэлгүй цаас үрсэн ажил оруулж ирлээ. Энэ чинь хүмүүсийг цаг зав, цаас үрсэн хэрэг боллоо. Энэ төсөл техник ажлын шинжтэй, бодлогын түвшинд очоогүй нэгдсэн бодлого уялдаа харагдахгүй байна. Энэ түүхий төсөл болжээ” хэмээн шүүмжилсэн юм.

Үүний дараа Монголын Уул уурхайн үндэсний ассиоцацийн ерөнхийлөгч Н.Алагаа саналаа хэллээ. Тэрбээр “Засаглал бизнесийн орчинг сайжруулах зарчим нь тодорхой биш байна. Зорилго зорилт шиг юм биччихсэн байна. Би хувьдаа Засаглал гэдэг нь шийдвэр гаргах, шийдвэрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт мониторинг тавих үйл явц гэж ойлгож байна. Тэр үйл явцад ямар зарчим байж болох вэ гэдгийг би одоо тодорхойлж хэлэе. Сонирхогч бүлгүүдийн оролцоог хангах, гаргасан шийдвэр нь ил тод байх, үл ялгаварлах ийм гурван зарчим байх ёстой. Гэтэл энэ төсөл дотор маш олон үг оруулсан лоозон шиг юм болсон байна. Хоёрдугаарт бизнесийн орчинг засаглалаас салгах хэрэгтэй. Бизнесийн орчинд бол эрх зүйн орчин тогтвортой, татварын орчин зохистой, шударга тэгш үйлчилдэг байх ёстой. Хүнд суртал бага байх ёстой. Өөр юм бичих хэрэггүй байсан. Үүнийг салгаагүй учраас зарчим, үндсэн зарчим нь холилдсон байна. Түүнчлэн уул уурхайн салбар дотроо хоёр зорилт байна. Геологийн салбарыг дэмжинэ, уул уурхайн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэсэн байна. Яагаад энэ хоёр салбарыг оруулсан гэдгийг би ойлгохгүй байна. Геологийн салбарыг оруулж байгаа юм бол уул уурхайн биш эрдэс баялгийн салбар гэмээр юм шиг байна. Уншаад үзэхээр геологийн салбарын хөгжлийг дэмждэг нь зөвхөн геологи, хайгуулын зураглал ерөнхий үнэлгээг хийнэ гэсэн байна. Үүнийг чинь улсын төсвийн хөрөнгөөр л хийдэг ажил шүү дээ” хэмээсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын төслийн талаар хэлэхдээ: Олон цаас хорин таван жилийн хугацаанд үйлдвэрлэсэн. Энэ олон цааснаас хэрэгжиж байгаа ажил нэг ч алга. Бидний бодлогын баримт бичиг гэж гаргасан цаас болгон хог дээр үсэрч байна. Яаж энэ цаасыг, энэ бодлогуудыг хэрэгжүүлэх вэ гэдэг эрэл хайгуулд гараад УИХ-ын дарга бүх намын бүлгийн дарга нарыг оролцуулсан, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан ажлын хэсэг гараад яваад байгаа юм. Миний санал бол Үндсэн хууль гэдэг улс төрийн тогтвортой байдлыг хангаагүй цагт эдийн засгийн тогтвортой байдал хангагдахгүй. Тиймээс улс төрийн үзэл санааг энэ бодлогод тусгаж, Үндсэн хууль дотроо улс төрийн суурь зарчим, эдийн засгийн суурь зарчмаа шинэчлэх бодлогыг тусгах хэрэгтэй. Ингэж чадвал явна” гэсэн юм.

Төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэнд хандаж УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг энэ онд багтааж батлах ёстой гэж хэлж байсан. Тиймээс хэлэлцүүлгийн үр дүнд гарсан санал дүгнэлтийг боловсруулж шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх юм байна. Өнөөдөр үдээс өмнө Төрийн ордонд, үдээс хойш “Ногоон зээлийн сан: Тогтвортой хөгжлийн хөшүүрэг болох нь” сэдэв дор Туушин зочид буудалд үргэлжилж байна. Харин ирэх долоо хоногт олон улс төрийн байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг хийх юм байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна