Футзалын УАШТ-ий техникийн хурал боллоо

2015 оны 11 сарын 27

МХБХ-ны футзалын УАШТ эхлэх мөч ойртож байгаатай холбогдуулан өнөөдөр уг тэмцээний техникийн зөвлөгөөний хурал товлосон хуваарийн дагуу 12:00 цагаас МХБХ-ны хурлын танхимд амжилттай боллоо. Хурлын үеэр тэмцээнд мөрдөгдөх дүрэм журам болон шүүлтийн талаар мөн тамирчдын солилцоо баг бүрдэлт гээд маш олон зүйлийг ярилцаж тохиролцлоо. Энэ удаагийн техникийн хурлыг МХБХ-ын техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан, техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал болон шүүгчдийн хэлтсийн ахлах Д.Түмэнбаяр, техникийн хэлтсийн мэргэжилтэн Б.Хаш-Эрдэнэ нар удирдан явууллаа.

Бүртгэл 2015 оны 11-р дүгээр сарын 23ны өдөр 17:00 цагт дууссан бөгөөд нийт  38 баг  оролцох мэдүүлэгээ өгөөд байснаас эцсийн байдлаар 32 багийг сонгож УАШТ-д оролцуулахаар боллоо. Тэмцээний гадна үлдсэн 6 багийн хувьд ямар нэгэн тамирчдын мөн мэдүүлэгийн зөрчилтэй цаашлаад хугацаанаас хоцорсон учир шаардлагын дагуу хассан байгаа.

Шилдэг 32 баг 8 хэсэгт дөрөв дөрвөөр хуваагдан өрсөлдөх бөгөөд хэсгээс гарсан 16 баг хасагдах системээр хоорондоо тааран тоглоно. Өөрөөр хэлбэл ДАШТ яаж явагддаг тэрхүү системийн дагуу тэмцээн үргэлжилнэ. 12-р сарын 3-12ны өдрүүдэд тоглолтууд явагдаж энэ жилийн улсын аварга баг тодрох учиртай. Мөн аварга болж чадаагүй ч шилдэг гурван багийн нэг болж чадвал ирэх 2016 оны 1-р сарын 9нд эхлэх футзалын лигийн тэмцэнд оролцох эрхээ авах боломжтой.

Өөрөөр хэлбэл футзалын төрөл ч мөн дээш доош шилжих олон улсын жишигтэй энэ жилээс эхлэн адил болж байна. Монгол улсад футзалын төрөл өндөр хөгжих боломжтойг бид бүхэн өнгөрөгч Ази тивийн тэмцээнээр тодхон харж чадлаа.

Энэ удаагийн футзалын УАШТ-д “Хүрхрээ” үндэсний 1-р лигийн 8 баг багтсан. Эдгээр багууд хэсэг тус бүрийг толгойлон оролцож байгаа нь тамирчдын өрсөлдөөнийг ихээхэн сонирхолтой болгож чадлаа.

Дашрамд дуулгахад Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын болон гадаа талбайн бүхий л тэмцээнүүд 2011 онд баталсан дүрэм журамд захирагдан явагдаж байсан бол энэ жилээс эхлэн тэмцээний ёс зүйн дүрэм, сахилга бат ёс зүйн түр журамыг хэрэгжүүлж эхэлхээр болсоноор онцлогтой.

ЭХ СУРВАЛЖ: HTTP://THE-MFF.MN

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна