Аз жаргалын эзэн хаан Жон Хюс

2015 оны 11 сарын 27

“Marshall Creative Agency”-тай хамтран 7 хоног бүр хүргэдэг кино ертөнц, түүнтэй холбоотой сонирхолтой мэдээллийн энэ удаагийн зочин бол зохиолч, найруулагч, продюсерүүдийн зохиолч, Жон Хюс юм.

(1950 - 2009)

Таны холливудын киноны талаархи төсөөлөл юу вэ? Орчин үеийн үзэгчдийн ихэнхийнх нь төсөөлөлд тулаан, төгс компьютер график, алаан хядаан л байгаа байх. Гэхдээ Холливудийн өндөр орлоготой кинонууд үргэлж л тулаант кино байсан гэвэл бас л өрөөсгөл ойлголт. 80-аад онд төрж 90-ээд онд хүмүүжсэн, түрээсийн киноны жинхэнэ ид эринд амьдарч байсан залуусын хувьд холливудын кино илүү их гэрэл гэгээтэй бас илүү мөрөөдөмтгий өнгө аястай байсныг санаж байгаа байх. Тэгвэл өнөөдрийн нийтлэлийн гол баатар Жон Хюс бол 80,90-ээд оны холливудын киноны хамгийн шилдэг зохиолч, найруулагч, продюсерүүдийн нэг төдийгүй тухайн үеийн гэр бүл, залууст зориулсан киноны хамгийн том төлөөлөгч байсан юм.

Тойм:

1984 онд найруулагчийн гараагаа эхлүүлсэн бөгөөд түүний дэлгэцийн анхны бүтээл нь 16 лаа (Sixteen Candles) байлаа. Анхны киноны амжилттай зэрэгцэн Парамоунт компани түүнтэй олон жилийн гэрээг байгуулсан бөгөөд, The Breakfast Club, Pretty in Pink кинонуудыг үргэлжлүүлэн гаргаж бидний мэдэх олон жүжигчдийг дэлгэцэнд анх танилцуулсан билээ.

Амжилтын өмнө:

Найруулагч, зохиолч Жон Хюс 1950 оны 2-р сарын 18-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Мичиган мужийн Лэнсин хотод мэндэлсэн бөгөөд түүнийг 13 настай байхад гэр бүлээрээ Чигако руу нүүсэн бөгөөд чинээлэг амьдралтай гэр бүлүүд голцуу амьдардаг дүүрэгт төвхнөсөн нь түүний ирээдүйн киноны сэдэвт маш ихээр нөлөөлсөн гэж хожим дурссан байдаг. 1968 онд ахлах сургуулиа дүүргэн Аризонагийн их сургуульд суралцах болсон эхний жилдээ сургуулиа хаяж Чикагогийн сонинуудад онигоо, хошин өгүүллэгүүд бичих болсон байна. Өөрийн гэр бүлийн аяллаар сэдэвлэсэн "Аялал 58" өгүүллэг нь түүнд "National Lampoon" сэтгүүлд ажилд ороход тусалсан бөгөөд хожим 1983 онд уг өгүүллэгээс сэдэвлэсэн "National Lampoon's Vacation" кино хийгдэж өндөр амжилт үзүүлж байсан юм.

Найруулагчийн эхний он жилүүд:

"National Lampoon's Vacation" киноны амжилтын дараагаас Холливуд түүний зохиолыг их сонирхох болсон бөгөөд 1984 онд өөрөө зохиолыг нь бичиж найруулсан анхны кино "16 лаа (Sixteen Candles)" -аа үзэгчдэд хүргэсэн юм. Олонд танигдаагүй жүжигчин Молли Рингвалдын анхны дэлгэцийн бүтээл уг кинонд: “Америкийн ахлах сургуулиудын сурагчдын амьдралыг” дэлгэцэнд буулгаснаараа тухайн үед их содон байсан бөгөөд асар өндөр амжилтанд хүрсэн байна. Уг киноны дараагаар Парамоунт кино компанитай хамтран The Breakfast Club (1985), Pretty in Pink (1986), Weird Science (1985) and Ferris Bueller's Day Off (1986) кинонуудыг бүтээсэн бөгөөд бүгд ахлах сургууль, коллежийн амьдралын сэдэвтэй кинонууд байсан юм. Уг кинонуудаас 1985 онд дэлгэцэнд гарсан The Breakfast Club кино нь ахлах сургуулийн сэдэвт хамгийн шилдэг кино гэсэн алдрыг хүртсэн юм. Кинонуудыг бусад кинонуудтай харьцуулахад асар бага зардалаар бүтээдэг байсан бөгөөд жүжигчид нь олонд танигдаагүй залуу жүжигчид байдаг байжээ. Түүний киноны гол дүрийг бүтээсэн жүжигчид хожмоо бүгд нэр алдарт хүрж байсан юм.

Олон улсын дэлгэцэнд:

Түүнийг дэлхийн дэлгэцэнд хамгийн өндөр амжилтанд хүргэсэн кинонууд бол 1989 онд бүтээсэн "Авга ах Бак" (Uncle Buck), 1991 онд бүтээгдсэн "Гэртээ Ганцаараа" (Home Alone) кино юм. Найруулагч Крис Колумбус найруулсан уг киноны зохиолч, продюсерын ажлыг Жон Хюс өөрөө хийсэн бөгөөд 18 сая долларын өртөгөөр бүтсэн уг кино, кино театрт 478 сая долларын орлого олсон юм. Бага зардлаар их хэмжээний орлого олох чадвар нь Холливудын кино үйлдвэрлэгч нарын хувьд түүнийг жинхэнэ бурхан болгож хувиргасан байна. Бүх кино компаниуд түүнд зохиолчийн болон продюсерийн санал хүргүүлж байсан бөгөөд 1991 онд л гэхэд тэрээр 4 кинон дээр ажилласан байдаг. Олон кинонууд хийхтэй зэрэгцэн бүтээлийн чанарын хувьд асар унаж байсан ч кино театр дахь орлого огтхон ч буухгүй байлаа. 1991 онд "Буржгар Үст Сю" (Curly Sue), 1992 онд “Бетховен" (Beethoven), 1992 онд "Гэртээ Ганцаараа 2" (Home Alone 2: Lost In New York), 1993 онд "Аюулт Деннис" (Denice The Menace), 1994 онд "Мөлхөө жаал" (Baby's Day Out), "34-р Гудамжны Гайхамшиг" (Miracle on 34th Street), 1996 онд "101 Далматин" (101 Dalmatians), 1997 онд "Флаббер" (Flubber), "Гэртээ Ганцаараа 3" (Home Alone 3) зэрэг үзэгчдийн таашаалд хүрсэн олон кинонуудын зохиолыг нь бичиж мөн продюсерийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

Сонирхолтой баримт:

Амжилтынхаа оргил жилүүдэд тэрээр хурдан бичих чадвараараа алдартай байсан бөгөөд, кино зохиол бичихдээ бусад зохиолчид шиг том багаар ажилладаггүй байсан. Алдарт "The Breakfast Club" киноны зохиолыг ердөө 2 хоногт бичсэн бол бидний сайн мэдэх "Гэртээ Ганцаараагийн" зохиолыг ердөө 7 хоногт бичиж байсан байна. Олон тооны захиалгаас болон түүний зохиолын чанар муудаж байсныг тэр өөрөө ч мэдэж байсан бөгөөд "Beethoven" зэрэг кинонуудын зохиолчийн нэр дээр өөрийн нэрийг бичихээс татгалзаж байсан бөгөөд Эдмон Дантес гэдэг нэрээр гаргаж байжээ. Бидний сайн мэдэх кино болох "Мөлхөө жаал" кино шүүмжлэгчдээс хамгийн муу гэсэн үнэлгээг авсан бүтээл юм. Гэсэн ч уг кино Америкт төдийгүй дэлхийд асар өндөр амжилтанд хүрсэн бөгөөд Энэтхэгийн кино сэтгүүл, шүүмжлэгчид маргаангүй Америкийн дэлгэцэнд гарсан хамгийн шилдэг кино гэж нэрлэсэн бөгөөд уг киноны зохиолоор энэтхэгчүүд таван ч киног хийсэн байна. Мөн түүний бүх кино үргэлжлэх боломжтой бөгөөд бүх киноны дараагийн ангийн зохиолуудыг өөрөө бичсэн юм байна.

Сүүлчийн он жилүүд, түүний ааш зан:

1994 оноос эхлэн найруулагч Жон Хюс олны анхаарлаас зугатах болсон бөгөөд гэр бүлийн хамт олны нүднээс зайдуу хөдөө амьдрах болсон. Тэр чадварлаг зохиолч байсан ч ааш зангийн хувьд тун асуудалтай нэгэн байсан. Буржгар Үст Сю киноны зураг авалтын үеэр зургийн даргыг хангалттай Пицца захиалаагүй гэсэн шалтгаанаар ажлаас халсан зэрэг олон асуудлаас болж хүмүүсийн анхаарлаас зугатах болсон юм. 2000 он гарсанаас хойш тэрээр дахин кино зохиол бичээгүй бөгөөд хамгийн сүүлд 2008 онд "Drillbit Taylor" киноны продюсерээр ажилласан. 2009 онд түүний бие огцом муудаж эхэлсэн бөгөөд 59 насандаа зүрхний шигдээсээр хорвоог орхисон юм.

2010 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр түүнд зориулан тусгайлсан хөтөлбөрийг бэлдсэн бөгөөд түүний кинонд тоглон олонд танигдаж байсан бүхий л жүжигчид хүндэтгэл үзүүлсэн бөгөөд 80,90 онд өсөж торнисон хүүхдүүдийн, хүүхэд насны хамгийн сайхан дурсамжуудын нэг таалал төгслөө хэмээн түүнийг тодотгожээ.

Хэрэв та 80,90-ээд онд төрж өссөн л бол түүний нэрийг заавал мэдэх учиртай, тэр бол миний хүүхэд насны "Аз Жаргалын Хаан" Жон Хюс!!!





 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна