Цэрэг-эх оронч хүмүүжил олгоход хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа

2015 оны 11 сарын 27

 

УИХ-аас өнгөрсөн аравдугаар сард Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг шинэчлэн баталсан билээ. Батлан хамгаалах бодлогын тулгуур баримт бичигт хүүхэд, залуучуудад эх оронч хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт иргэн бүрийн оролцоог хангах, иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд төрийн бүх шатны болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх, цэрэг иргэний харилцааг идэвхжүүлэхийг тусгайлан заасан. Түүнчлэн Монгол Улсын иргэдийг улс орноо батлан хамгаалах үйл хэрэгт сургах, тэдэнд цэрэг-эх оронч болон сэтгэл зүй, бие бялдарын хүмүүжил олгоход хамтран ажиллахаар Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл хамтран ажиллахаар болжээ. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга Д.Дашзэвэг нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны үндсэн зарчим нь улс орныг батлан хамгаалах талаар Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн гүйцэтгэх үүргийг холбогдох хуулиудад тусгах, иргэд залуучуудад цэрэг-эх оронч хүмүүжил олгох үйл ажиллагааг улс орон даяар зохион байгуулах, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, цэргийн дүйцүүлэх алба хаагчидтай явуулах цэргийн бэлтгэл сургалтыг хамтран зохион байгуулахаар тусгажээ. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын дараа Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Манай монголчууд цэрэгтээ хайртай, тэднийгээ хүндэлдэг ард түмэн. Тэр утгаараа бидний хамтын ажиллагаа ахицтай, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Өмнө нь залуусыг цэрэг-эх оронч хүмүүжил олгоход манай хоёр байгууллага хамтран ажиллаж байсан юм билээ. Хэсэг хугацаанд засварласан ч эргээд сэргэж байгаад талархалтай байна" гэсэн юм.Энэхүү ёслолын ажиллагаанд Ц.Цолмон сайдын хамт Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам нарын удирдлагууд байлцав.