Талийгаач халдлагад өртөөд цагдаад хандахад тоогоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Талийгаач халдлагад өртөөд цагдаад хандахад тоогоогүй гэв

“Ирвэс хамгаалах сан” ТББ-ын биологич, амьтан судлаач, идэвхтэн байгаль хамгаалагч 27 настай Т.Лхагвасүмбэрэл гэх залуу учир битүүлгээр таалал төгсөн хэрэг энэ сарын 11-ний өдөр гарсан билээ. Талийгаач энэ сарын 5-ны өдөр автомашинаа тавихаар гэрээсээ гараад сураггүй болсон ч цогцос нь зургаан хоногийн дараа Хөвсгөл нуураас олдсон тухай Цагдаагийн ерөнхий газраас албан ёсоор мэдэгдэж, мөрдөн байцаалтын үед хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэсэн тайлбар хийсэн. Харин өнөөдөр “Ирвэс хамгаалах сан” болон Монголын байгаль орчны зөвлөлөөс талийгаач залууд өмнө нь гурван удаагийн дарамт шахалт ирж, бусдад барьцаалагдаж, амиа алдах шахсан байсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн шалтгаанаар хэргийг шалгаагүй. Одоо харин хуулийн байгууллагынхан дээрх хэрэгт нухацтай хандаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг хүсэж байна гэдгээ мэдэгдлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт дээрх хэрэгт анхаарлаа хандуулж, хэргийг үнэн зөв илрүүлэхэд туслахыг хүссэн өргөх бичгийг илгээжээ.

Хоёр жилийн өмнөөс талийгаач нь Өмнөговь аймгийн Гурван тус сумын Тост Тосонбумбын нурууг хамгаалж, тусгай хамгаалалтад оруулахаар хөөцөлдөн, ажиллаж байжээ. Тус нуруу нь Монголд төдийгүй дэлхийд нэн ховордсон амьтад амьдрах биологи, байгалийн нөхцөл нь бүрдсэн говийн эко систем, баян бүрд бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой газар болохыг талийгаач судлан, нотолсон байх юм. Иймээс шантралгүй судалгааны газраа тусгай хамгаалалтад оруулахаар ажиллаж байсан. Байгаль орчин ногоон хөгжлийн яам ч асуудлыг дэмжиж, УИХ, Засгийн газраар шийдвэрлүүлэхээр бэлдэж эхэлсэн байжээ. Яг ийм үед байгаль хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл гэх эх оронч залуу таалал төгссөн нь сэжиг бүхий байна гэж салбарынхан ярьлаа. Тэд мөн улс байгаль хамгаалагчдаа эргэн харж, олон улсын стандартад нийцсэн багаж хэрэгсэл, техник, хувцсаар хангаж, хамгаалахгүй бол эх оронч иргэдээ бусдын гарт алддаг болох вий гэдгийг анхаарууллаа.

Талийгаачийн хамгаалдаг Тосонбумбын нурууны эргэн тойронд хайгуулын 14, ашиглалтын хоёр лиценз байдаг байна. Нүүрсний олборлолт явуулдаг зарим ашиглалтын талбайд булаг, шандтай баянбүрд их байдаг учир орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байх юм. Ашигт малтмалын газрын мэдээллээр Гурван тэс суманд давсны хоёр, нүүрсний 11, барилгын материалын нэг, алтны хоёр гээд нийт 18 ашиглалтын лицензийг дотоодын компани эзэмшин олборлолт явуулдаг юм байна. Харин тус сумын хэмжээнд хайгуулын 16 лицензийн зөвшөөрлийг АМГ-аас дотоодын компаниудад өгчээ.

Д.УЛАМБАЯР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж