Бондын мөнгөнөөс 5.4 сая ам.доллар дутсан уу?

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Бондын мөнгөнөөс 5.4 сая ам.доллар дутсан уу?

Хөгжлийн банкны хэрэгжүүлж байсан бондоос 5.4 сая ам.доллар сох дутсан тухай мэдээллийг өнгөрсөн лхагва гаригт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Б.Чойжилсүрэн нар хэвлэлийнхэнд өгсөн. Үнэхээр ийм хэмжээний хөрөнгө сох дутсан бол ноцтой асуудал. Гэхдээ энэ мэдээлэл ташаа байж болзошгүйг Сангийн яамны зарим мэдээллээс харж болохоор аж.  

Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар төр болон хувийн хэвшлийнхэн нийтдээ  10 удаа  үнэт цаас гаргажээ.  2012  оны гуравдугаар сард Монгол Улсын хөгжлийн банк 580 сая, “Монголиан майнинг корпораци”  600 сая, 2010 оны  арваннэгдүгээр сард Худалдаа хөгжлийн банк 25  сая, 2012 оны есдүгээр сард 300 сая, 2014 оны нэгдүгээр сард 700 сая, 2015 оны тавдугаар сард 500 сая, Монгол Улсын Засгийн газар 2012 оны арванхоёрдугаар  сард 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд , Монгол Улсын хөгжлийн банк 2014 оны нэгдүгээр сард 30 тэрбум иенийн Самурай бонд , Монгол Улсын Засгийн газар 2014 оны долдугаар сард  1 тэрбум иений “Дим сам бонд” тус бүр гаргасан байна.

Бүгдээрээ л  үнэт цаас  гаргахад  тодорхой хэмжээний зардал төлжээ. Огт мөнгө төлөхгүйгээр бонд босгоод оруулаад ирдэг зүйл дэлхийн хаана ч байхгүй. Нийт 10 удаагийн бонд гаргасан зардлыг хооронд нь харьцуулахад нийт гаргасан зардлын дүнд эзлэх хувь нь Чингис бондынх  харьцангуй хямд байгаа юм.

МАН-ынхан Засгийн газарт хамтран ажиллаж байх үед  буюу УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сангийн сайд байхдаа 1 тэрбум юаны бондыг хариуцаж гаргасан байдаг. Энэ  бондын зардалд  л гэхэд 6.9 сая юаны төлбөр төлжээ.  Гаргасан үнийн дүнд эзлэх хувь жингээр харьцуулахад Чингис бондоос хамаагүй өндөр шимтгэл төлсөн  байх жишээний. Мөн УИХ-ын  гишүүн Л.Энх-Амгалан  “Монголиан майнинг корпорац”-ийн хувь эзэмшигч.   Энэ компани олон улсын зах зээл дээр бонд арилжаалж 600 сая ам.доллар босгож Ухаа худагийн нүүрсний уурхайг ашиглалтанд оруулах хөрөнгө оруулалтыг олж байлаа. Тэгэхээр бонд босгоход хэр хэмжээний зардал гардгийг хамгийн сайн мэдэх хүний нэг. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар эдийн засагч мэргэжилтэй, Сангийн яаманд чамгүй олон жил ажилласан.

Бонд гаргасан зардлаас нэг ч төгрөг  Хөгжлийн банкны дансанд ордоггүй. Гадны арилжаанд оролцогч банкуудын шимтгэл,  үнэлгээний төлбөр зэрэг зардлуудад суутгагддаг байна.

Б.БААСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж