Тал нутгийн дуучин Д.Осгонбаяр Монголын дуучин боллоо

2015 оны 11 сарын 27

Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Доржийн Осгонбаяр сарын 24-ний өдөр Монгол бөхийн өргөөнд “Наран мандах нутаг” уран бүтээлийн бие даасан анхны тоглолтоо хийлээ.

МУСТА Д.Осгонбаярын "Наран мандах нутаг" тоглолтыг өөрийн дуранд буулган үлдээх хувь тохиолоо.
Эх орноо
Элгэн нутгийнхнаа
Энгүй их ачтан
Ээжийгээн баярлуусан түүний тоглолт үнэхээр сайхан боллоо.

Монголын уудам тал үеийн үедээ уртын сайхан дууны шуранхай тасраагүй, үе үеийн гайхамшигтай дуучдын буухиа тасраагүй нутаг билээ. Энэхүү буухиаг түүчээлэн яваа Доржийн Осгонбаярын урын сангаасаа шигшин байж толилуулсан хоёр цагийн тоглолтноос Монголын уудам тал, морьтон ардын ахуй, эх үрийн элбэрэл, эгэл түмний бахархал цуурайтаж байлаа.

"Жаахан шарга" театрын дуучид болон цэргийн ансемблийн бүчигчдээр хүч нэмсэн бэсрэг уртын дуугаар эхэлсэн түүний тоглолт "Наран мандах нутаг" хэмээх "дэлхийн дуу"-гаар өндөрлөн өндөрлөтлөө үзэгчдийнхээ түрлэг, алга ташилтаар тасарсангүй ээ.

Тоглолтонд Д.Осгонбаярын багш, МУГЖ Ц,Чулуунцэцэг, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин О.Хүрэлбаатар, "Жаахан шарга" театрын дуучин О.Батболд нар ая дуугаа өргөлөө.

Дуучны маань О.Батболдтой хамтран дуулсан дуэтүүд нь үнэхээр сайхан бүтээлүүд болсон байсныг энд дурдахгүй өнгөрч чадсангүй ээ.

Түүний тоглолтонд Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн асан Р.Буд нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж, баяр хүргэсэн юм. Түүний тоглолтыг дан ганц Сүхбаатарчууд үзээгүй монголчууд үзсэн нь тоглолтын дундуур гарч ирж сэтгэгдлээ илэрхийлсэн Говь-Алтайн уугуул, Р.Буд гишүүний ивээн тэтгэсэн хурдан дааганы сугалаанд азтанаар Архангайн харъяат нэгэн тодорсон зэргээс харагдаж байлаа.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат Д.Осгонбаяр Монголын дуучин болжээ.

Түүний "Наран Мандах нутаг" дууг дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа Монголчууд дуулан эх нутгаа санаглзан суудаг юм билээ.

Дүү минь дэлхийн дайдаж авъяасаа үнэлүүлж, бөмбөрцөгийн хэмжээний дуучин болоорой хэмээн ерөөе!

Хүндэтгэсэн Анжигай.Г

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна