Cалбарын сайд нар хариулт өгөв

2015 оны 11 сарын 27

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.11.27/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий гишүдээс Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг сонсов.

Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаас Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулсан юм. 

Газрын тосны газар болон Хятадын газрын тосны үндэсний корпорацийн хооронд 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Газрын тосны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай санамж бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Газрын тосны газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийн удирдамжид Тамсагийн төслийн үр ашгийг нэмэгдүүлэх, Тосон-Уул XIX талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох асуудлууд багтсан бөгөөд ажпын хэсэг Хятадын газрын тосны үндэсний корпорацийн төлөөлөлтэй гурван удаа уулзалт хэлэлцээр зохион байгуулаад байгаа. Харин Хятадын газрын тосны үндэсний корпорацийн зүгээс Тосон-Уул XIX талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний одоогийн нөхцөлүүдийг тогтворжуулах талаар хатуу байр суурь илэрхийлсээр байгаа.

Мөн энэ оны 5 сард Хятадын газрын тосны үндэсний корпорацийн дарга Жоу Жи Пин солигдсонтой холбогдуулан яриа хэлэлцээрийн явц удаашраад байгаа. Одоогоор Газрын тосны газрын зүгээс Хятадын газрын тосны үндэсний корпорацийн шинээр томилогдсон дарга, тус корпорацийн тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд Петрочайна хувьцаат компанийн даргатай дахин уулзалт зохион байгуулах талаарх хүсэлтээ хүргүүлсэн. Тосон-Уул XIX талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний нөөц ашигласны төлбөрийн асуудал яриа хэлэлцээрийн шатанд байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг хэлэлцээр дууссаны дараа өгөх боломжтой гэсэн хариултыг салбарын сайд өгсөн юм.

 

Сайдын хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Х.Болорчулуун, Н.Батбаяр, Ц.Даваасүрэн нар Эрчим хүчний сайд Р.Жигжид, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Эрчим хүчний сайд Р.Жигжид гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Буйр-22 талбайн гэрээний хугацаа 2012 онд дуусч Засгийн газрын тогтоолоор уг талбайг буцааж авахаар шийдвэрлэсний дагуу ажлын хэсэг гарч талбайг бүхэлд нь хүлээж авсан байдаг. Энэ үндсэн дээр нээлттэй тендер зарлаж сонгон шалгаруулалт явуулах ажлыг 2015 онд дахин зарлах чиглэл гарч, бэлтгэл ажил хийгдэж байгаа. Мөн Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулж баталсантай холбогдуулан 13 бичиг баримтыг шинээр боловсруулахаас наймыг нь боловсруулаад байгаа, бусдыг нь сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Эдгээр бичиг баримтыг эцэслэн гаргаснаар уул уурхайн салбарт ажиллагчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны байдал сайжрах боломжтой. Петрочайна компанид ажиллаж байгаа монгол ажилчдын амьдрах байрны тухайд 2016 ондоо багтааж монгол ажилчдын амьдрах байр барьж ашиглалтад оруулахаар гэрээлэгч талтай тохиролцсон гэлээ.

 

Мөн Монгол Улс өөрсдийн олборлосон бүтээгдэхүүнийг ашиглан дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудал ямар шатанд байгаа талаарх гишүүний асуултад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газраас хоёр бүсэд байршилтайгаар газрын тосны бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр барих чиглэл гаргасан. Зүүн бүсэд 300 мянган тонн бүтээгдэхүүн боловсруулах чадалтай үйлдвэрийг концессоор барихаар болсон. Харин говийн бүсэд баригдах боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ хийгдээд дуусч байгаа, энэ ажилд 5 компани оролцсоноос Унгар улсын компани шалгарсан гэсэн хариулт өгөв.

Харин Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн гэрээний дагуу Петрочайна компанийн тавих авто замын тухайд 104 км замыг энэ онд багтааж дуусгах гэж байгаа, үлдэх 100 км замыг ирэх онд багтааж дуусгахаар гэрээлэгч талтай тохиролцоод байгаа. Газрын тосны энэ үйлдвэр нь 500-1000 метрийн гүнээс тосноос нь ялгаж авсан үйлдвэрлэлийн зориулалттай ус хэрэглэж буцааж шахдаг учраас гүний худагт ямар нэг нөлөө байхгүй. Тус компани нь үйлдвэрлэлийн бааз хооронд цооног хоолойг ашигладаг, алслагдсан цэгээсээ тээврээр татдаг. Гэхдээ энэ компанийн хувьд газрын тос дамжуулах хоолойн асуудлыг тавьдаг боловч энэ нь Засгийн газар хоорондын шийдэх асуудал юм гэсэн хариулт өгөв.

Үүгээр асуулт дуусч, асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун хэлсэн үгэндээ, Монгол Улс газрын тосны нөөц ихтэй улс биш ч гэлээ багад нь ордоггүй. Энэ төрлийн бүтээгдэхүүний нөөцтэй дэлхийн 90-ээд орноос манай улс 35-д нь ордог гэсэн судалгаа байдаг. Иймээс эдийн засаг хүндрэлтэй байгаа ийм үед дотоод нөөц боломжоо бүрэн дайчилж байж хямралыг давах шаардлагын үүднээс тус компаниас авах газрын тосны талбайн нөөц ашигласны төлбөрийг 10-аас доошгүй хувьд хүргэх талаар Засгийн газар, салбарын яам анхаарах ёстой. Учир нь энэ нь Тогтвортой байдлын гэрээ биш ердийн гэрээ учраас нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх санал тавьж яриа хэлцэл хийх боломжтой гэж үзэж байгаагаа хэлсэн юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Г.Уянга, Д.Сумъяабазар, Ё.Отгонбаяр нарaaс Монгол Улсын уул уурхайн салбарын гол үйлдвэрлэл болох зэсийн баяжмалыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт болон “Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 2015 оны 247 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулсан юм.

Сайд танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас зэсийн баяжмал хайлах, цэвэршүүлэх анхны үйлдвэр байгуулах ажилд онцгой ач холбогдол өгч, уг ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Монгол Улс нь зэсийн нөөцөөр баялаг хэдий ч урт хугацааны турш зэсийн баяжмал экспортлогч байсаар ирсэн. Үндэсний эдийн засгийг бэхжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, эрдэс түүхий эдийн экспортын нөхцөл байдлыг өөрчилж, улс орны хөгжилд түлхэц болох үндэсний үйлдвэрүүд бий болгох үйл явцыг түргэтгэх төслүүдийн нэг нь зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр юм гээд манай улсад зэс хайлуулах үйлдвэр барих асуудал сүүлийн 30 гаруй жил яригдаж, энэ чиглэлээр олон төрлийн судалгаа, урьдчилсан ТЭЗҮ хийгдэж, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр гарч байсныг дурдав.

 

Гэвч орчин үед хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд эрдэс түүхий эдийн тогтвортой нийлүүлэлт, техник, технологийн лиценз, өндөр түвшинд бэлтгэгдсэн инженер, техникийн ажилтнуудаас бүрдсэн хүний нөөц, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай тул зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажпыг төрийн тууштай дэмжлэгтэйгээр зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Засгийн газар тодорхой хэмжээний хувь буюу 34 хүртэл хувийг энэ төсөлд эзэмшсэнээр зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрт хөрөнгө оруулах дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, өрсөлдөөн бий болох бөгөөд улмаар зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн хүхрийн давхар исэл агуулсан хийг боловсруулах, хүхрийн давхар ислээс хүхрийн хүчил гарган авах төслийг хэрэгжүүлэх, хүхрийн хүчлийн дотоодын хэрэглээг дэмжих замаар химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг олон давуу талтай юм. Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн санхүүжилтийг шийдвэрлэхээр заасан. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл нь эдийн засгийн хувьд үр ашигтай, гадаад зах зээлээс хамаарал багатай, харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой зэрэг нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж, төслийн санхүүжилтэд оролцох сонирхлоо илэрхийлээд байгааг онцлов.

Харин үндэсний хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хувьд аж үйлдвэрийн төсөл, түүнийг дэмжих болон дагалдах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах замаар төсөлд оролцох боломжтой бөгөөд үйлдвэрээс гарах катодын зэсийг гүн боловсруулж цахилгаан техник, цахим техникийн эд анги болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэх боломж мөн нээлттэй. Ер нь энэхүү төслийг хэрэгжүүлэх явцад цаашид зэсийн гүн боловсруулалт хийж, катодын зэс, цэвэр алт, цэвэр мөнгө зэрэг тээвэрлэлтийн зардал харьцангуй бага эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох боломж нээгдэх юм гэдгийг дурдлаа.

Гишүүний асуулгад өгсөн салбарын сайдын хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Н.Батбаяр, О.Баасанхүү, Х.Болорчулуун, Л.Цог, Г.Уянга нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Монголд одоохондоо зэс хайлуулах нэг л үйлдвэр байх шаардлагатай байгаа, тэр зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр нь нийт улс орныхоо хэмжээний гол нөөцийг түшиглэж баригдах нь зүйтэй гэсэн бодлогыг барьж байгаа. Энэ үндсэн дээр зэс хайлуулах үйлдвэрийг Цагаан суварга, Оюутолгойн зэрэг гол нөөцийг түшиглэн Бор-Өндөрт барих нь зүйтэй гэж үзсэн. Мөн зэс бол стратегийн бүтээгдэхүүн, бас экспортын бараа. Иймээс зэс хайлуулах үйлдвэрт төрийн нэгдмэл оролцоог хангах шаардлагын үүднээс төрийн оролцоо зохих түвшинд байх ёстой гэж үзэж байгаа.

Ер нь дотооддоо зэс хайлуулах үйлдвэр барих нь ашигтай, жилд 23 хувийн ашиг өгнө гэсэн тооцоо гарсан байгаа. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл 9 жилд багтаагаад хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой гэсэн ТЭЗҮ гарсан гэдгийг хэллээ. Мөн гишүүдийн зарим асуултад ажлын хэсгээс нэмэлт тодруулга өгсөн юм.

Ингээд эцэст нь асуулга тавьсан гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Л.Цог үг хэлэхдээ, Улсын Их Хурлын 5 гишүүн энэ оны 5 дугаар сарын 30-нд энэ асуулгыг тавьсан боловч өнөөдөр хариулт авч байна. Энэ хооронд их хугацаа алдсан байна гээд мөнгө хөрөнгийн хомсдолтой энэ үед зэс хайлуулах үйлдвэр барихад заавал төр оролцоно гээд зүтгээд байх шаардлагагүй. Төр оролцохоор бол зээл авна, тэр зээл нь тодорхой хэмжээний хүүтэй байж таарна. Нөгөө талаар бүтээгдэхүүндээ түшиглэж байна гээд зүтгээд байх ч хэрэггүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна