Автобусны карт уншихгүй бол яах вэ?

2015 оны 11 сарын 28

Нийтийн тээврийн ухаалаг системийг Улаанбаатарт хэрэгжүүлээд дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хүрээнд иргэд автобусанд “U money” карт ашиглан төлбөрөө хийдэг болсон билээ. Харин картын дамжин суултын хөнгөлөлт эхлээд арав гаруй л хонож байна. Тэгвэл сүүлийн өдрүүдэд иргэдээс “Дамжин суултын хөнгөлөлт эдлэх гэхээр зарим автобусны карт уншигч ажиллахгүй байна” гэх гомдол ирэх болжээ. Учир нь иргэд дараагийн автобусанд дамжин суултын хөнгөлөлт эдлэхийн тулд буухдаа картаа уншуулах учиртай байдаг. Гэтэл зарим тохиолдолд буухдаа уншуулах гэхээр карт уншигч нь ажиллахгүй байх тохиолдол гардаг аж.

Энэ тохиолдолд иргэд яах ёстой вэ?

“Улаанбаатар смарт карт” компанийн ажилтан Ц.Түвшинжаргал “Иргэд энэ тохиолдолд нэн даруй дуудлага өгөх хэрэгтэй. 70151289 гэх дуудлагын утсанд хандаж, мэдээлэл өгөх юм. Манай засварын баг нийслэлийн бүх дүүрэгт ажиллаж байгаа. Тиймээс дуудлага өгсөн даруйд засварлаж өгнө” гэв.

Дашрамд дуулгахад, иргэд 30 минутын дотор дараагийн автобусанд дамжин суусан тохиолдолд үнэгүй зорчих боломж бүрдээд хагас сарын хугацаа өнгөрч байна. Гэхдээ иргэдэд анхааруулахад, дамжин суултын хөнгөлөлт эдлэхдээ буухдаа заавал картаа уншуулсан байх учиртай. Ингээд өмнөх автобуснаасаа өөр чиглэлд суусан тохиолдолд хөнгөлөлт эдлэх юм.

“Улаанбаатар смарт карт” компанийн өгсөн мэдээллээр нэг өдөрт л гэхэд 40 мянга гаруй хүн дамжин суух хөнгөлөлт эдэлж байна. Эдгээрийн 15 мянга нь энгийн, 3800 нь хүүхдийн, 1200 нь ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний, 13 мянга нь оюутны картаар зорчиж байгаа юм.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна