М.кв-ын зөрчилтэй холбоотой гомдол буурчээ

2015 оны 11 сарын 28

Барилгын компаниуд м.кв дутуу орон сууцыг худалдаж иргэдийг хохироох асуудал 2013 оноос хойш гарах болсон. 2013 оноос хойш 560 гаруй иргэдийн гомдол дээр үндэслэн ШӨХТГ-аас 50 гаруй барилгын компанийг энэ асуудалд буруутай хэмээн зарлаж торгууль тавьсан. Тэгвэл өнөөдөр энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн, иргэдийн хохирлыг барагдуулсан эсэх талаар ШӨХТГ-ын улсын байцаагч К.Жархынбекээс тодрууллаа.

-Орон сууцын м.кв-ын зөрчилтэй гэх компаниудын асуудал шийдвэрлэгдэж дууссан уу?

-Орон сууцынх нь м.кв заасан хэмжээнээсээ бага байна гэх 50 гаруй компанитай холбоотой гомдол иргэдээс ирсэн. Энэ хүрээнд шалгалт явуулаад, нэр бүхий компаниудад торгууль тавьсан. Харин одоогоор “Тайгам Алтай”, “МД Тоф”, “Сүрэг агт”, “Өндөр буянт холдинг” гэх мэтчилэн нэр бүхий таван компани энэ асуудлаар шүүхэд хандсан.

Улсын дээд шүүхээс “МД Тоф” компанийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн. Дээд шүүхээс “Иргэн хоорондын гэрээний асуудал иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэнэ. Тиймээс танайхаас мөнгө төгрөгийг буцааж олгуулах, хохирлыг барагдуулах эрхгүй” гэх шийдвэр гарсан. Харин бусад компанийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна.

Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор орон сууцын доторх талбайг тооцдог  MNS-6058-2009 стандартыг өөрчлөх нэхэмжлэлийг нэг компаниас гаргасан. Гэхдээ анхан болоод давж заалдах, хяналтын шатны шүүхээс энэ стандартыг өөрчлөх шаардлагагүй гэдэг шийдвэр гаргасан.

-50 гаруй компаниас тав нь нэхэмжлэл гаргаад, шүүхэд хандсан юм байна. Тэгвэл үлдсэн компаниуд зөрчлөө хүлээн зөвшөөрөөд иргэдийн хохирлыг барагдуулсан гэсэн үг үү?

-Манай улсын байцаагчийн шийдвэрийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргадаг. Энэ дагуу таван компани шүүхэд хандсан. Бусад компаниудын хувьд иргэдийн хохирлыг ямар нэг байдлаар барагдуулж байна. Манайхаас хяналт шалгалт хийх явцад нэг тэрбум гаруй төгрөгийн хохирлыг барилгын компаниуд барагдуулсан. Бүрэн хэмжээгээр, эсвэл иргэнтэй тохиролцох зэргээр ямар нэг байдлаар хохирлыг нь барагдуулсан байна.

-Орон сууцын м.кв-ын зөрүүтэй холбоотой гомдол энэ онд нэмж ирсэн үү?

-Ер нь ШӨХТГ-аас орон сууцын м.кв-ын зөрчлийн асуудлаар мэдээлэл хийж, холбогдох арга хэмжээг авч эхэлснээс хойш иргэд энэ тал дээр анхаардаг болсон байна. “Миний авах гэж байгаа байр м.кв-даа хүрч байна уу. Ямар газраар хэмжилт хийлгүүлэх вэ” зэргээр анхаарал хандуулж эхэлсэн. Энэ ч үүднээс жил ирэх бүр энэ талын гомдол буурч байна. Ялангуяа энэ онд орон сууцын м.кв-ын зөрчилтэй холбоотой гомдол ирээгүй гэхэд болно.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна